Боловсролын салбарын гол ачааг нуруундаа үүрч явдаг Ерөнхий боловсролын сургуулийн захиралууд, цэцэрлэгийн эрхлэгч нарыг аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Батмөнх, БСГ-ын дарга Б.Ундрах болон холбогдох мэргэжилтнүүд хүлээн авч уулзан, 2016 онд хамтарч ажиллах чиглэлээр аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгууллаа.
Аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан 2015 оны аймгийн нийгэм эдийн засаг, онцлох бүтээн байгуулалт, цаг үеийн болон боловсролын салбарын талаар товч мэдээллийг хийж, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын санал бодлыг сонслоо.
Засаг дарга мэндчилгээ дэвшүүлж хэлсэн хэлсэн үгэндээ: 2015-2016 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 24 сургуульд урьдчилсан байдлаар 694 бүлэгт 18341 хүүхэд суралцаж, суурь боловсролын хамран сургалт 97,2 хувьд хүрч, элсэлтийн ерөнхий шалгалтын хичээлийн дундаж оноо 2014-2015 оны хичээлийн жилд 516,7–д хүрч улсад 3-р байр эзэлсэн амжилт үзүүлсэн, СӨБ-ын үйлчилгээг төрийн өмчит 29, хувийн өмчит 14, хөдөөгийн багийн 3, нийт 46 цэцэрлэг үзүүлж, сургуулийн өмнөх боловсролд нийт 6995 хүүхэд хамрагдаж, хамран сургалт 87,4 хувьд хүрч, 2015 онд Боловсролд ээлтэй Засаг даргын Тамгын газраар өргөмжлөгдсөн нь бид бүгдийн хамтын ажиллагааны үр дүн хэмээн сайшаагаад цаашид хуульд заасан ёс зүй, зарчмуудыг маш сайн хэрэгжүүлж, мэдээллийн ил тод нээлттэй байдлыг хангаж ажиллах хэрэгтэйг онцлон хэллээ.
Эх сурвалж: Khovd.gov.mn