Саудын Араб улсад 35 жилийн дараа кино театр олон нийтэд нээлттэй болжээ. Тус улсад кино гаргах эрхийг АНУ-ын AMC Entertainment хэмээх кино компани авсан бөгөөд албан бус эх сурвалжаар эхний ээлжинд “Black Panther” буюу “Хар ирвэс” киног үзэгчдэд хүргэх юм байна. Гэхдээ эхний ээлжид кино театрын нээлтийн ёслолд Саудын Арабын язгууртнууд оролцсон нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байгаа бөгөөд ирэх тавдугаар сараас киногоо олон нийтэд үзүүлж эхлэх ажээ.
Саудын Араб улс нь 1980-аад оны эхээр бүх кино театруудаа хаасан бөгөөд өнгөрсөн оны 12-р сард тус улс кино театрт тавьсан хоригоо цуцалж олон нийтийн хөрөнгө оруулалтын санг түшиглэн улс даяар кино театр барихаар болсон юм байна. Ойрын жилүүдэд Саудын Арабын 15 хотод 40 кино театр баригдана гэж тус улсын төрийн мэдлийн мэдээллийн агентлаг мэдээлжээ. Гэхдээ тус улсын Засгийн газрын тогтоолоор шашин шүтлэг, улс төр, садар самуун, гудамжны үг хэллэг орсон кинонуудыг гаргахгүй байхаар тогтсон бөгөөд Саудын Араб улс нь урлаг соёл, нийгмийн бодлогодоо эрс өөрчлөлт оруулж хүйсийн тэгш байдлыг хангахыг эрмэлзэж байгаа юм. Энэ дагуу саяхнаас Саудын Арабын эмэгтэйчүүд сурч боловсрох, автомашин жолоодох эрх зэргээр хангагдаж эхлээд байгаа ажээ.