Японы цагдан хорих байранд хоригдож буй гадаад иргэн нас барсны дараа бусад хоригдогч нар өлсгөлөн зарласан байна. Өнгөрөгч Баасан гаригт Токио хотын зүүн хойд хэсэгт орших тус хорих газрын шүршүүрт Энэтхэгийн иргэн дүүжлэгдэж амиа алдсан байдалтай олджээ. Эх сурвалжуудын мэдээлснээр талийгаач нь албаны хүмүүс цагаачлалын байдлыг нь хэр удаан хугацаанд шийдэх эсэхэд санаа зовж байсан гэнэ. Тус төвийн ажилтан Дайсүкэ AFP агентлагт ярихдаа “Хоригдогч нар суллагдахын тулд ийнхүү хоол хүнс идэхээс татгалзаж байна гэж бид үзэж байна” гэжээ. Япон нь цагаачлалын хувьд маш хатуу бодлого баримталдаг улс бөгөөд цөөн тооны цагаачид л зөвшөөрөл олгодог аж.
Албаны хүмүүс одоогоор өлсгөлөн зарлагчдын тоо болон тэдний аль улсын иргэд болохыг зарлаагүй байгаа юм. Харин Kyodo News мэдээллийн агентлагийн дамжуулснаар 40 гаруй хүн өлсгөлөн зарлаж байгаа бөгөөд эсэргүүцэгчдийн тоо цаашид нэмэгдэж магадгүй гэжээ.
Ибараки муж дахь тус хоригдох газарт 330 хүн хоригдож байгаа аж. Энэ төвд 2006 оноос хойш гарсан 14 хүн амиа алдсан байна. Иран гаралтай Мажид Сэйид Нижатын ярьснаар түүнийг амиа алдсан иргэнтэй нэг секторт байрлаж байсан бусад 19 цагаачийн хамт баривчилжээ. “Энэ үхэлд ямар хариуцлага хүлээлгэх ёстойг бид мэдмээр байна” гэж тэрээр Ройтерс агентлагт ярьсан байна.
Баривчлагдсан цагаач иргэдтэй хамт ажилладаг, хүний эрхийн төлөө тэмцэгч Мицуру Мияасакогийн ярьснаар таван тусдаа секторт хүмүүс өлсгөлөн зарлаж байгаа бөгөөд тэдний тоо бараг 100-д хүрч байгаа гэжээ. Японд улсын хэмжээнд хууль бус цагаачдыг цагдан хорих 17 төвд 1317 иргэн хоригдож байгаа аж.
Б.Болормаа