Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу өөрийн болон хамаарал бүхий этгээдийн эзэмшиж байсан оффшор бүсэд бүртгэлтэй компанийн хувьцааг бусдад шилжүүлсэн, өөрийн албан үүргийн хүрээнд эзэмшиж байсан дансыг хаалгасан албан тушаалтнуудын нэрсийг Авлигатай тэмцэх газар нийтэд зарласан билээ.
Тэдгээр албан тушаалтнуудын нэг болох Цагдаагийн ерөнхий газрын харьяа Дотоодын цэргийн штабын дарга С.Ганбат нь Авлигатай тэмцэх газарт хандан гомдол гаргажээ. Тэрээр “Би Хонконг дахь Консулын газарт ажиллаж байх хугацаандаа албан үүргийн дагуу эзэмшиж байсан дансаа хаасан тухай мэдүүлсэн байтал намайг оффшор данстай мэтээр зарласанд гомдолтой байна” гэжээ.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.4, 101.5 дахь хэсэгт заасан үүргийг биелүүлсэн нэр бүхий дипломат ажилтнуудаас С.Ганбат нь албан ажлын шугамаар эзэмшиж байсан дансаа хаалгасан талаар мэдүүлж бүртгүүлсэн байна гэдгийг АТГ-аас дахин санууллаа. Учир нь Улсын Их Хурлын 2 гишүүн, Монголбанкны 1 албан тушаалтан өөрийн хамаарал бүхий этгээдийн эзэмшиж байсан оффшор бүсэд бүртгэлтэй компанийн хувьцааг 2015, 2017 онд бусдад шилжүүлснээ, Цагдаагийн ерөнхий газрын харьяа байгууллагын удирдах 1 албан тушаалтан өөрийн эзэмшиж байсан гурван дансыг хаалгасан тухай мэдүүлж бүртгүүлсэн тухай өмнө нь мэдээлсэн юм.
Үүнтэй холбогдуулан АТГ-аас “Авлигатай тэмцэх газраас нийтийн албан тушаалтныг ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн албаны ил тод байдлыг хангах хуулийн зорилтод нийцүүлэн албан тушаалтнуудын оффшор бүс дэх хөрөнгийн талаарх мэдүүлэг, мэдэгдлийг нийтэд мэдээлсэн болно.
Иймд хуульд заасан үүргээ биелүүлсэн нэр бүхий албан тушаалтнуудыг оффшор бүсэд хөрөнгө эзэмшиж байгаа гэж дүгнэн буруутгах үндэслэлгүй бөгөөд оффшор бүс дэх хөрөнгийн талаар мэдэгдэж бүртгүүлэх нь шинээр батлагдсан хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа юм.” хэмээн мэдэгдлээ.