“Яг түүн шиг-3” шоуны эхний дугаарын ялагчаар хөгжмийн найруулагч мэргэжилтэй ая зохиогч, продюссер, дуучин Б.Нацагдорж буюу Наки Beyonce-гийн “Love on top” дууг дуулан тодорсон юм. Түүний эмэгтэйлэг хоолой, дөрвөн өнгө шилжин дээшилж дуулсан нь олныг гайхашруулж чадсан бөгөөд шүүгчид ч түүний хоолойн бядыг бишрэн магтаж бүгд санал нэгтэйгээр хамгийн дээд оноо болох 12 оноог өглөө.
Тэрээр 2010 онд “Сүнс” хамтлагийн Б.Лхагвасүрэнгийн дуу бичлэгийн студид ажилладаг байжээ. Улмаар 2012 оноос эхлэн МУГЖ дуучин Ж.Алтанцэцэгийн “Pro sound” студид Рагутай хамтран хоёр жил дууны инженерээр ажилласан байдаг. Ийнхүү туршлагажиж аваад 2013 онд ‘Ocean Grey’ дуу бичлэгийн студиэ анх байгуулсан аж.
Дашрамд сонирхуулахад Наки “Боловсрол суваг” телевизээс зохион байгуулсан “Оддын академи” шоунд хамтран ажиллаж, шоуны суралцагчдад дууны хичээлийг онолын талаас нь заадаг байжээ.
Харин дуучны хувьд Universe best songs шоунд оролцож байсан ба А.Хишигдалайтай хамтран “Мi Senti” дуэт дуугаараа өөрийн бие даасан уран бүтээлийг эхлүүлсэн юм. Багадаа Одод болох хүслэн шоуны хоёрдугаар байранд орж байсан гэнэ.
Сайны хажуугаар саар гэгчээр Накигийн үзүүлбэрт өгсөн магтаалын дэргэд шүүмжлэл ч бас байлаа. Түүнийг ам барьсан гэж ганц нэг хүн хэлж байсан бол зарим нь хоолой нь Beyonce-гийнхоос өөр байна, түүний оронд Тэмка илүү байсан зэрэг сэтгэгдлүүд мэр сэр үзэгдэж байлаа. Түүнийг дуучин Амархүүтэй илүү адилхан харагдаж байна гэж хэлэх хүн ч байна.
Ингээд түүнд 3 сая төгрөгийн шагналыг авчирсан үзүүлбэрийг хамтдаа сонирхъё. Та ч мөн өөрийн дүгнэлтээсээ хуваалцаарай.