Дахин төлөвлөлт, гудамж төсөл, аймгуудыг засмал замаар холбосон. Энэ бүхэн хэний гавьяа вэ гэж ардчилагчид асууж эхэллээ. Биднийг сонгосон ард түмний гавьяа гэх хариултыг Та бүхнээс нэхэж байна. Өрөнд орж, өвчинд идэгдэж, өлөн зэлмүүнээр хорвоогийн өдөр хоногийг арай ядан өнгөрөөж буй иргэдийн амьдралд гавьяа гэж юу байна.
Өмнөх зууны дундуур монголчууд яр хүйтэнмэт бэлгийн замын өвчнөөс бүрэн ангижирч, тав зургаахан зуугаар тоологдож байсан Монголын хүн ам шинэ зууны эхээр хоёр саяас хол давж одоо гурван сая гарчихаад байна. Бүгдээр бичигтэн болж, дэлхийд данслагдсан маань саяхных.
Гэтэл ардчиллын 20 гаруй жилд халдварт ДОХ, бэлгийн замын өвчин газар авч, бяцхан үрс маань яр тэмбүүртэй төрж, зарим нь эхээс мэндлэнгүүт хорвоог орхиж буйд жирийн монгол хүн хэн маань ч сэтгэл амар суух аргагүй боллоо.
XX зуунд бүгдээр бичигтэй, соёлжсон, эрүүл чийрэг монгол хүн төлөвшиж байсны гол хөдөлгөгч хүч нь төр, засаг байсныг түүх өгүүлнэ. Эрүүл чийрэг, эр хүч, боловсролтой монгол хүн өнгөрсөн нийгмийн их бүтээн байгуулалтыг хийж, хойч үеийнхэндээ хүлээлгэн өгсөн билээ.
Гэтэл одоо сонгогчдоос гавьяа нэхээд сууж буй төр, засаг ард түмнийхээ эрүүл энхийн төлөө юу хийснийг асуумаар байгаа юм. \”Эрүүл Монгол хүн” төсөл хөтөлбөр юу болов. Иргэдээ өвчин зовлонгоос ангижруулж эрүүлжүүлж чадсан бол төр, засгийн их гавьяа тэр л байхсан.
Хятадын засгийн газар ирэх онд 500 сая иргэнээ ядуурлаас гаргана гэж байх юм. Гэтэл хөрсөн дээрээ асар их баялагтай, гуравхан сая хүнтэй улс орноо ядууралгүй, өвчин зовлонгүй ажиллаж амьдрах бололцоогоор хангаж чадахгүй байгаа төр засаг хэнээс юуны учир гавьяа нэхнэ вэ.
Ядууралтай \”дайн зарлаад” ч ядуурал буурсангүй, харин ч өслөө. Харин одоо ДОХ, бэлгийн замын өвчин, яр хүйтэн, тэмбүүний эсрэг дайн зарлаад амжилтад хүрвэл \”том” гавьяа болно. Өнөө үед монгол хүнийг эрүүлжүүлж чадсан тийм улс төрийн хүчинд их гавьяа ирнэ.
СГЗ Н.Бөхдамбий
Эх сурвалж: \”Монголын үнэн\”