ХОВД АЙМГИЙН БУЯНТ СУМЫН УУГУУЛ
\”АЙМГИЙН ХУРЦ АРСЛАН” ЛААГАНЫ НАЙДАН
Ховд аймгийн Буянт сумын уугуул аймгийн хурц арслан Лааганы Найдан нь 1936 онд Буянт сумын Цагаан голын Өндөр эрэг хэмээх газарт Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга асан Л.Лааганы отгон хүү болон мэндэлж, ээж, ах, эгчийнхээ хайранд өсөн, эрийн цээнд хүрч малын эмч мэргэжил эзэмшсэн. Аав минь мэргэжлээрээ Өмнөговь аймгийн Хүрмэн сум, Ховд аймгийн Дарви, Зэрэг, Чандмань, Мянгад, Буянт сумдад 40 гаран жил ажиллан, 12 хүүхдээ өндөр боловсролтой, үнэнч шударга зантай, ажлыг үнэн сэтгэлээсээ хийдэг зөв хүмүүжилтэй хүмүүс болгон өсгөн хүмүүжүүлж, эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэнд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан буянтай буурал аа.
Бидний аав төрийн наадмын торгон ногоон дэвжээнд уран гараа дэвээгээрээ наадамчин олноо баясган барилдаж аймгийн наадамд 3 түрүүлж, 2 үзүүрлэн, аймгийн аварга шалгаруулах барилдаанд 5 жил дараалан түрүүлсэн, хойч үеийн залуу бөхчүүддээ үлгэр дууриал болсон эгэлгүй хүчит манлай арслан. Мөн уясан хүлэг морьд нь айраг түрүү авчихдаг уяач, найранд гурван дуутай, наадамд гурван даваатай ёстой хийморьтой эр хүн байсан.
Монгол улсын төрөөс эх орны бүтээн байгуулалтанд оруулсан аавын минь гавъяа, зүтгэлийг үнэлж төрийн дээд шагнал Алтан гадас одон, Хүнс хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан тэмдэг, Биеийн тамир спортын тэргүүний ажилтан тэмдэг, Ардын хувьсгалын 60, 70, 80, 90 жилийн ойн медиалууд, ,”ХОВД АЙМГИЙН ХҮНДЭТ ИРГЭН”,” БУЯНТ СУМЫН ХҮНДЭТ ИРГЭН”-ээр тус тус шагнасан.
Уйлж ирээд, уйлуулж буцдаг хорвоогийн жамаар аав минь 2016 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 80 насандаа биднийгээ үүрд орхин одлоо. Хань, үр хүүхдүүд, ач зээ, төрөл төрөгсөд, нутгийн ахан дүүс тань таныхаа гэгээн дүрийг үргэлж мөнхөд дурсаж, сэтгэл зүрхэндээ үүрд тээж явах болно.
Нэгэн яруу найрагч \”Хазайлгаж болохгүй титэм шиг нэрээр чинь би овоглосон” гэж хэлсэнчлэн үр хүүхдүүд тань төрд данстай, түмэн олондоо нэртэй, хүндтэй явсан таныхаа алдрыг сэвтээхгүй ариунаар авч явна. Та минь үр хүүхдүүддээ дахин төрөөрэй.
Бидний бахархал болсон бурхан аав минь та бурхны орондоо амар тайван нойрсоорой. Ум сайн амгалан болтугай.
Хань үр хүүхдүүд нь