Он гарснаас хойш тэтгэвэрийн зээл авах хүний тоо эрс нэмэгджээ. Энэ нь сар шинийн баяр дөхсөнтэй холбоотой.
Одоогийн байдлаар улсын хэмжээнд 211,865 ахмад настан тэтгэвэрийн зээл авсан байна. Хамгийн хямд өртгөөр сар шинийн баяраа тэмдэглэхэд нэг сая төгрөг шаардлагатай байгааг буурлууд хэлж байна. Гэтэл бизнес эрхлэгчид баяр болох гэж байгааг далимдуулан үнээ нэмж байгааг ч шүүмжиллээ.
Мөн 60-70 настай бол тэтгэвэрийн зээл олгоно түүнээс дээш настай ахмадуудад банк итгэж зээл өгөхгүй байгааг хэлж байлаа.
Ахмад буурлууд хүүхдийн сургалтын төлбөр, цагаан сарын баяр гэх мэт шалтгаанаар зээл авсаар нийт өндөр настануудын 95 хувь нь тэтгэвэрийн зээлтэй болжээ. Улмаар сарын орлогогүй болсон зарим ахмадууд ажил хийж зарим нь шил лааз түүж амьдралаа залгуулах тохиолдол ч байдаг юм.
Тэтгэврийн зээлийн сарын хүү 1.5 хувь гэнэ. Жилийн хүү нь 18 хувьд хүрдэг. Тиймээс тэтгэврийн зээлийн хүүг нэг удаадаа тэглэх санаачлагыг Монголын ахмадын чөлөөт холбооныхон гаргаж байсан удаатай.
Б.Дэжид