АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео тус улсад хүрэлцэн ирсэн Умард Солонгосын өндөр хэмжээний төлөөлөгч Ким Ён Чхол-ыг оройн хоолоор дайлж, уг цайллагыг “маш сайн оройн зоог” болсон гэж хэлжээ. Умард Солонгосын тагнуулын албаны дарга асан генерал Ким Ён Чхол өчигдөр Бээжингээс Нью Йорк хотод хүрэлцэн ирсэн бөгөөд тэрээр ирэх сард Сингапурт болох хоёр улсын төрийн тэргүүнүүдийн уулзалтын талаар хэлэлцэхээр АНУ-д иржээ. Associated Press агентлагийн мэдээлснээр Майк Помпео, Ким Ён Чхол нар Нью Йоркийн Манхеттен дүүргийн нэгэн зочид буудалд уулзан оройн зоог барьж, хагас цаг орчим хэлэлцээр хийсэн байна.
Энэхүү уулзалтын талаар Майк Помпео өөрийн твиттер хуудсандаа бичихдээ “Ким Ён Чхолтой өнөөдөр орой Нью Йорк хотод ажил хэрэгч зоог барилаа. Бид стэйк, эрдэнэ шиш, бяслаг идэв” гэж бичсэн байна. Харин уг уулзалтын тухайд Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс “Майк Помпео болон Умард Солонгосын төлөөлөгч Ким Ён Чхол нар оройн зоог барьж, бүтэн өдрийн турш хэлэлцээр хийсэн” гэж мэдэгдсэн бөгөөд АНУ, Умард Солонгосын удирдагчид ирэх сард Сингапурт уулзах тов хэвээр байгааг баталжээ.