БОАЖ-ын сайд асан, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын нүдээ анисан зураг босоогоороо үргэлжлэв. Түүний Байнгын хорооны, чуулганы болон өөр бусад хуралдаанууд дээр унтаж байгаа юм шиг нүд нь аниатай зургууд цөөнгүй. Бараг цомог гаргахад дөхсөн байх. Гэвч эрхэм түшээ маань үнэхээр унтчихаад байдаг уу, өрөөл бусад нь шоглоод нүд анивчих агшинд дарсан зургаа түгээдэг үү гэдэг нь олон нийтэд огтоос сонин биш. Гэсэн ч Д.Оюунхорол гишүүн гандан буурахгүй, энэ үйлдэлдээ тайлбар хэлэв. Тэрээр өчигдөр Д.Гантулга, Д.Мурат нарын асуудлаар мэдээлэл хийх үеэр эмэгтэй гишүүдийн талаарх сөрөг мэдээлэлд тайлбар өгсөн юм.
“Бидний талаар өөр ярих сэдэв байхгүй. Хулгай, дээрэм, луйвар хийгээгүй. Монголын улс төрд 20 жил эмэгтэй гишүүд ийм сэдвийг бий болгоогүй. Тиймээс биднийг бохь зажилсан, нүдээ аньсан байна л гэж байна. Хүн гурваас дөрвөн минутад нүдээ цавчдаг. Би олон цавчдаг л хүн юм байлгүй. Намайг ярьж байхад л унтаагаар нь гаргаад тавьчихдаг юм. Тэгэхээр би үүний араас нь хөөцөлдөөд гүйгээд байлтай биш. Тэгж жижгэрч болохгүй биз дээ. Хүн л юм байна. Унтаж байгаа үеийн зураг олзлогдсон л юм байлгүй. Нүдээ бага цавчина гээд нүдээ тэвхдэлтэй нь биш. Энэ муу хэдэн эмэгтэй гишүүдийг тэгж ч бохь зажиллаа, ингэж ч боов идлээ гээд янз янзаар доромжилно. Гэхдээ авлига, хулгай дээрэм, идсэн уусан сэдэв гарч байгаагүй нь онцлог” гэсэн юм.
Тэгэхээр эрхэм түшээ маань заримдаа үнэхээр унтчихсан байдаг бололтой. Харин хэзээд нь унтаж, хэдийд нь анивчиж байсан гэдгийг зурагнаас хараад даан ч мэдэх аргагүй юм даа. Хэрэв анзаарах юм бол Д.Оюунхорол гишүүн ярьж байхдаа нүд нь үнэхээр олон удаа цавчилдаг юм билээ.