УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх тухай хүсэлтийг хэлэлцлээ. Өнгөрсөн баасан гаригт Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түтгэлзүүлэх тухай Улсын Ерөнхий Прокурорын гаргасан хүсэлтийг УИХ-аар хэлэлцээд хүлээж аваагүй. Улмаар УИХ-ын гишүүн Д.Гантулга өнгөрсөн даваа гаригт өөрөө гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д өргөн барьсан билээ.
Ийнхүү өнөөдөр уг асуудлыг байнгын хороогоор хэлэлцэж буй бөгөөд Д.Гантулгын хүсэлтийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан танилцуулав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүдээс үг хэлэх гишүүн байгаагүй тул санал хураалтыг шууд явууллаа. УИХ-ын гишүүн Д.Гантулгын “гишүүнээс чөлөөлөгдөх” хүсэлтийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураахад байнгын хорооны гишүүдийн 90.9 хувь нь дэмжлээ. Санал хураалтад оролцсон гишүүдээс ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар ганцаараа хүсэлтийг дэмжихгүй гэсэн санал өгсөн юм.
Уг саналын томъёоллоор УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд санал оруулж Д.Гантулга гишүүнийг бүрэн эрхээс нь чөлөөлөх эсэхийг шийдвэрлэнэ.