Өнгөрсөн тавдугаар сарын 19-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын алдарт уяач Б нь зээ хүүгийнхээ үсний найрыг хийхдээ дааганы уралдааныг зохион байгуулжээ. Энэхүү уралдаан 23 даага уралдсан байна. Уг дааганы уралдаанд Баянтүмэн сумын иргэн хоёр нас хоёр сартай хүүхдээр даага унуулжээ. Хүүгийн ээж хориглосон ч боловч эцэг нь хүүхдээ унгахгүй гэж эмээлтэй хүлж уралдуулсан байна.
Хоёр настай хүүхдээр уралдааны морь унуулсан эцэгт зөрчлийн хуулиар хариуцлага тооцжээ
Дорнод аймгийн ХГБХГ-ын дарга Э. Жавхлан “2018 оны тавдугаар сарын 18-нд Баянтүмэн нутаг дэвсгэр дээр сумын алдарт уяач иргэн Б өөрийн зээ хүүхдийн үсний найрыг хийсэн байгаа. Энэхүү үсний найрын үеэр дааган насны морины уралдааныг зохино байгуулсан. Энэхүү уралдааныг зохион байгуулна гэдгээ иргэдэд урьдчилан мэдэгдсэн байсан. Энэ өдөр 23 даага уралдсан байгаа. Энэхүү уралдааны үеэр иргэн Б өөрийн хоёр настай хүүхдээр даага унуулсан. Хоёр настай хүүхдийг унахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна гээд хүүхдийг эмээлтэй бэхэлж уясан байсан.Мөн хоёр хөлийг холбож уяасан байсан. Энэ уралдаан хоёр том зөрчлийг гаргасан. Тухайлбал,Засаг даргын захирамж гарчихсан байхад иргэн Б морь уралдуулж, Засаг даргын захирамжийг зөрчсөн. Мөн бага насны хүүхдээр морь унуулсан аав зөрчлийн хууль болон бусад хуулийг зөрчсөн байгаа. Иймээс энэ хэргийг манай аймгийн Хүүхэд гэр хөгжлийн газрын Хүүхдийн улсын байцаагч хянаж шалгаад Зөрчлийн хуулиар хүүхдийн эцэгт хуулийн хариуцлага хүлээлгэсэн ” гэв.
Хууль зөрчиж уралдаан зохион байгуулсан этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэжээ
Бага насны хүүхдээр морь уралдааны морь унуулах нь хүүхдийн эрүүл мэнд амь нас болон олон эрсдэлийг дагуулдаг гэдгийг эцэг эхчүүд маш сайн мэдэх ёстой. Мөн Монгол Улсын Үндэсний баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйл дээр долоон наснаас дээш насны хүүхдүүдийг хамгаалалтын иж бүрэн хэрэгсэлтэй уралдаан оролцуулж болно гэж заасан байдаг. Мөн аливаа баяр ёслол арга хэмжээний хүрээнд морины уралдаан зохион байгуулах бол анхан шатны баг сумандаа мэдэгдэж, уралдаан зохион байгуулах албан ёсны зөвшөөрөл авах ёстой . Гэтэл иргэд аливаа тэмдэглэлт баяраар өөрсдөө дур мэдэж морины уралдаан зохион байгуулах олон байна. Иймээс иргэд аливаа уралдааны зохион байгуулахдаа хууль дүрмээ биелүүлэх хэрэгтэй. Уралдаан зохион байгуулах аймаг орон нутагтаа мэдэгдэх ёстой байдаг. Тухайн үед уралдаан зохион байгуулахыг хориглож аймгийн Засаг даргын захирамж гарсан байхад энэхүү уралдаан хуулийг зөрчиж зохион байгуулагдсан. Иймээс учраас тухайн уралдаан зохион байгуулсан этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэсэн байна.