ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсад гарсан ой,
хээрийн түймрийн тархалт ихэсч, нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан
МУ-ын Засгийн газрын шийдвэрээр Онцгой байдлын ерөнхий газраас түймрийг унтраах
ажиллагаанд оролцох аврах бүлгийг ОХУ руу илгээлээ. Аврагчдыг үдэх ажиллагаа
өчигдөр Онцгой байдлын ерөнхий газарт боллоо.
Тус ажиллагаанд Монгол Улсын Шадар сайдын үүргийг
хариуцагч, УОК-ын дарга бөгөөд Хууль зүйн сайд Д.Дорлигжав, ОБЕГ-ын дарга,
бригадын генерал Т.Бадрал нар оролцож, аврагчдад хандан, түймрийн голомтод
үүрэг гүйцэтгэхдээ өөрсдийн аюулгүй байдлыг ханган ажиллахыг онцгой
анхаарууллаа.
Мөн бие бүрэлдэхүүн сахилга батыг сайтар сахиж,
үүргээ нэр төртэй биелүүлэн ирэхийг үүрэг болголоо. ОХУ-ыг зорьж буй Монголын аврагчдын хувьд 2011
онд Япон улсад болсон цунамийн гамшгийн дараах сэргээн босгох ажиллагаа болон
НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан туршлагатай.
ОБЕГ-ын Аврах тусгай анги, Авто бааз, Дархан-Уул
аймгийн Онцгой байдлын газрын 50 аврагчаас бүрдэж байгаа бөгөөд тус багийг
ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Агаар десантын 2 дугаар бүлгийн дарга,
шүхрийн зааваралагч, онцгой байдлын ахлах дэслэгч Я.Сэргэлэн ахалж байгаа юм.
Аврагчдын энэ баг хамгийн сүүлд өнгөрсөн
хавар зүүн аймгуудад гарсан ой, хээрийн түймрийн голомтод ажилласан.Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар Увс аймгийн
Улаангом суманд гарсан түймрийг унтраахаар, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд
гарсан түймрийг цурманд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна.
2015 он гарсаар улсын хэмжээнд нийт 289
удаагийн ой, хээрийн түймрийн тохиолдол бүртгэгдсэн байна.