Нийслэлийн Соёл, урлагийн газраас Улаанбаатар хотын явуулын тайзыг ашиглалтад орууллаа. Тус явуулын тайз бүхий автомашин нь 2008 оноос эхлэн ашиглагдаж байгаад сүүлийн жилүүдэд зогссон байсныг сэргээн засварласан байна.
Улаанбаатар хотын явуулын тайзыг ашиглан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангах үүднээс явуулын урлагийн тоглолт, өдөрлөг, уулзалт зэргийг тогтмол зохион байгуулахын зэрэгцээ Улаанбаатар чуулгын шилдэг уран бүтээлийн тоглолтыг нийслэлийн 152 хороодын иргэдэд зориулан, хороодын төв талбайд нь үнэ төлбөргүй зохион байгуулахаар төлөвлөжээ.
Ашиглалтад ороод буй Улаанбаатар хотын явуулын тайзны хувьд хөгжим, гэрлийн иж бүрдэл бүхий зориулалтын автомашинтай явуулын тайз бөгөөд анхны үйл ажиллагаагаа Хан-Уул дүүргийн 5, 6 дугаар хорооноос эхлэх аж. Тус хорооны иргэдэд зориулан 41-р сургуулийн гадна талбайд энэ сарын 28-нд 19:00 цагаас Улаанбаатар чуулгын шилдэг уран бүтээлийн тоглолтыг өргөн барих гэж байгаа юм байна.