Крымын хойгийг Украинд буцааж өгөх хүртэл Оросын эсрэг авсан хориг арга хэмжээ хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж Цагаан ордны хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Сара Сандерс өнөөдөр мэдэгджээ. Тэрээр “Бид ОХУ-тай энэ асуудлаар санал нийлэхгүй байгаа, Орос улс Крымыг Украинд буцааж өгөх хүртэл бидний тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээ хэвээр үргэлжлэх болно” гэж хэлсэн байна. Түүнчлэн тэрээр удахгүй болох АНУ, ОХУ-ын төрийн тэргүүний дээд хэмжээний уулзалтын үеэр Вашинтон Крымын хойгийг Оросын газар нутаг гэж хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцэх үү гэсэн асуултанд хариулхаас татгалзжээ. ОХУ, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт энэ сарын 16-нд Финландын нийслэл Хельсинк хотод болох бөгөөд энэхүү уулзалт болох цаг хугацааг хоёр улсын төр засгийн хэвлэлийн алба албан ёсоор баталсан юм.