Монгол Улсын БСШУС-ын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны А/226 дугаар хамтарсан тушаалаар Монгол туургатны соёл, урлагийн их наадам энэ сарын 06-08-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Монгол туургатны улс орнуудаас үндэсний болон орчин үеийн урлагийн уран бүтээлчид, үндэсний үйлдвэрлэгчид, гар урлаачид, эрдэмтэн докторууд хуран чуулах тус наадмын хүрээнд “Үл тасарна” хэмээн нэрийдсэн Монголын Их Хаадын уран бичвэр, зургийн үзэсгэлэн маргааш Төрийн түүхийн музейд нээлтээ хийнэ.
Монгол туургатаны соёл, урлагийн их наадамд оролцогчид зочид, төлөөлөгчид болон нийслэлийн ард иргэдэд зориулан дэлгэж буй тус үзэсгэлэнг Үндэсний уран бичвэрийн холбооноос санаачлан сүүлийн хоёр жил орчмын хугацаанд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэй Нийслэлийн Соёл, урлагийн газартай хамтран бүтээжээ. Тус үзэсгэлэн энэ сарын 08-ныг хүртэл үргэлжилнэ.