Саяхан Их Британы Эймсбери хотноо өмнө нь тус улсын Солсбери хотод Оросын экс тагнуулчийг хордуулсантай ижил хэрэг гарсан талаар Риа Новости агентлаг тус улсын хэвлэлээс иш татан мэдээллээ. Их Британы цагдаагийн алба Скотленд-Ярдын төлөөлөгчийн мэдээлж байгаагаар Эймсбери хотноо үл мэдэгдэх хортой бодисонд хордож, ухаан алдсан хоёр иргэнийг олсон бөгөөд тэднийг эмнэлэгт хүргэж, шаардлагатай эмчилгээ хийсэн ч ухаан орохгүй байгаа ажээ. Нарийвчилсан шинжилгээгээр тэднийг Оросын экс тагнуулч Сергей Скрипалыг охиных нь хамт хордуулсан хүний мэдрэлийн системд нөлөөлдөг “Новочик” гэдэг химийн бодисоор хордуулсан болохыг тогтоосон байна. Энэ талаар өнөөдөр Скотланд-Ярдын терроризмтэй тэмцэх хэлтсийн тэргүүн Нил Басу мэдэгдэж, иргэдээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ.
Одоогоор Их Британы цагдаагийнхан тэднийг ямар учраас энэхүү химийн хорт бодисонд хордсон болохыг тогтоохоор мөрдөн шалгаж байгаа бөгөөд “Новочик” химийн бодисонд хордсон иргэд нь 44 настай Дон Стерджесс, 45 настай Чарльз Роули гэдэг гэр бүлийн хүмүүс юм байна. Гэхдээ одоогоор уг хэрэг өмнө нь Оросын тагнуулчийг хордуулсан хэрэгтэй ямар нэгэн хамаатай эсэхийг тогтоогоогүй болохыг Скотланд-Ярдын терроризмтэй тэмцэх хэлтсийн тэргүүн Нил Басу онцлон тэмдэглэжээ.