Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрсний хэрэглээг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцэж баталлаа.
Төлөвлөгөөний хүрээнд хийгдэж буй ажлын талаар “Өдгөө 200 мянган өрх гэр хороололд амьдарч түүхий нүүрс хэрэглэж буй гэсэн тоо бий. Эдгээр айл өрхийг стандартын шаардлага хангасан сайжруулсан түлшээр хангавал агаарын бохирдол тодорхой хувиар буурна. Сайжруулсан түлш үйлдвэрлэх, тээвэрлэх асуудлыг салбарын яамд хариуцах бол сайжруулсан түлшийг иргэдэд хүргэх асуудлыг НЗДТГ хариуцаж байгаа. Бидний зүгээс сайжруулсан түлшийг нийслэл дэх дундын агуулахад нөөцөлж, төвийн 6 дүүрэг дэх 390 борлуулах цэгээр дамжуулан иргэдэд хүргэхээр төлөвлөж байна. Азийн хөгжлийн банкны 2017 онд хийсэн судалгаагаар гэр хорооллын иргэдийн 91 хувь нь нүүрсээ бөөнд нь, 9 хувь нь жижиглэнгээр худалдан авдаг гэж гарсан байдаг. Сайжруулсан түлшний нөөцлөлт, түгээлтийг нэмэгдүүлэх ажлыг хэрэгжүүлэхэд түлш худалдаалах дараа болон урьдчилсан төлбөрт тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байна” гэж Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан танилцууллаа.
Зөвлөлийн гишүүд уг төлөвлөөг батлах нь зүйтэй гээд бэлтгэл ажлыг сайтар хангаж, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, борлуулалт хийх иргэд, аж ахуйн нэгжид ямар дэмжлэг үзүүлэх, хяналт тавих ажилтай уялдуулж ажиллах зэргийг анхаарч ажиллах хэрэгтэй гэсэн санал хэлж байв. Ингээд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан батлагдсан төлөвлөгөөний төсөлд зөвлөлийн гишүүдийн саналыг тусган, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахаар боллоо.