Эрүүл мэндийн сайдгүй Монгол Улсад халдварт өвчин эмгэгүүд, тэр дундаа улаанбурхан өвчин газар авч, үүний улмаас 8 хүүхэд нас барсан харамсалтай мэдээлэл хэдхэн хоногийн өмнө ил болсон. Эрүүл мэндийн сайдтай, Эрүүл мэндийн салбар нь эзэнтэй байсан бол энэ олон хүүхэд нас барахгүй байсан хэмээн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгийг буруутгаж, Эрүүл мэндийн сайдыг томилохгүй байгаа улстөрийн шалтгаандаа цэг тавихыг хүссэн.
Мэдээж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрынх нь нэг сайд огцрох, эсвэл өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн тохиолдолд 30 хоногийн дотор шинэ сайдыг томилох хуультай. Харамсалтай нь, хуулинд заасан 30 хоног битгий хэл 120 гаруй хоног өнгөрч, эзэнгүй Эрүүл мэндийн салбарын эмх цэгцгүй байдлын улмаас ганцхан улаанбурхан гэх \”салбар\”-т 8 хүүхэд эндчихээд байна. Улаанбурхан өвчний улмаас 8 хүүхэд нас барсан тухай цочирдом мэдээ нийгэмд ил болсонтой холбогдуулан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг шуурхай авч, 18-30 насныхныг улаанбурхны вакцинд хамруулах ажлыг орон даяар зохион байгуулахыг үүрэг болгов.
Учир нь улаанбурхан өвчин оюутан, сурагчдын дунд өндөр тархалттай байгаа юм. Ямартай ч, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Эрүүл мэндийн сайдыг томилоод ажлыг нь хийлгэчихээд болох байлаа. Гэсэн ч МАХН-ын дарга Н.Энхбаярыг улстөрд оруулахгүйн төлөө улс орныг ингэж 120 гаруй хоног өвчин эмгэгт бариулж, цаашид ч хууль зөрчин Эрүүл мэндийн сайдгүй байлгахаар зүтгэж буй учир ингээд Эрүүл мэндийн сайдын ажлыг давхар хариуцаад явах бололтой. Учир нь, Эрүүл мэндийн салбар гамшгийн хэмжээнд хүрч, эмх цэгцгүй байдлын улмаас аврагдах боломжтой ч амиа алдаж буй хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа байдал Ерөнхий сайдын чихнээс өдөр тутам хонх уях нь тодорхой биз ээ.
Нинж