Сүхбаатар дүүргийн нутаг байрлах Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжийг орчин үеийн хэв маягт оруулж, сэргээн засварлах тохижилтын ажил энэ сарын 5-нд дууслаа. Б.Цэрэндоржийн гудамжийг сэргээн засварлах ажлыг Хот тохижилтын газар гардан гүйцэтгэжээ. Дөч, тавин мянгатын иргэд Хот тохижилтын газрын хийж буй ажлыг ойлгохгүй дундуур нь таслах, хашааг нураах зэрэг эсэргүүцлээ илэрхийлж байсан нь ажил гүйцэтгэхэд хүнд байсан гэж ажилчид хэлж байлаа.
Тус гудамжинд 2,400 м.кв боржин чулуун хавтанг шинээр тавьжээ. Мөн орчин үеийн шийдэл бүхий таван янзын хошуугаар цацардаг, битүү усан оргилуурыг ашиглалтад оруулсан байна. 4,284 м.кв газарт зүлэг тарин мод хэлбэржүүлэлт хийж, ногоон байгууламжуудад троссон хашлага хийжээ. Гудамжийг бүхэлд нь гэрэлтүүлэх гэрэлтүүлгүүд, иргэд суухад тухтай шинэ сандалнууд байршуулсан байна. Тохижилтын ажилд нийт 400 сая төгрөг зарцуулсан байна.