Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шуурхай албаны 70128012 тусгай дугаарт 2016 оны 03 дугаар сарын 09-ний 20 цаг, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 37 дугаар байрны нийтийн эзэмшлийн талбайд өргөтгөл хийж байна гэсэн дуудлагын дагуу Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Т.Батсүх газар дээр нь шалгалт хийсэн байна.
Тус байрны 3 дугаар давхрын 15 тоотын айл 3,0 х 1,3 х 2,1м хэмжээтэй 25 см-ийн тоосгон хана өрсөн байгаа нь \”Орон сууцны тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх /Орон сууцны байшингийн үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгөх давхарлах, өргөтгөл хийхийг хориглоно/ заалтыг, мөн \”Барилгын тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх /сууц өмчлөгчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчилнө/ заалтыг зөрчжээ.
Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 02-07-094/58 дугаартай” Зөрчлийг арилгуулах, өргөтгөлийг буулгах тухай” акт гаргаж 15 тоотын эзэмшигч иргэн Н.Даваасүрэнд хүргүүлсэн боловч хүлээн авахаас татгалзжээ. Мөн актын хувийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны Засаг дарга Б.Энхбат, барилга ашиглалтыг хариуцсан \”Хилчин” СӨХ, гомдол гаргасан иргэн Ж.Энхбат нарт хүргүүлэн ажиллажээ.
Актын биелэлтийг 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шалгахад өргөтгөлийн ханыг буулгаж 14 тоот айлын орж гарах хэсгийн талбайг чөлөөлсөн байв. Зөвшөөрөлгүй өргөтгөл хийсэн иргэнд үлдсэн ханаа гүйцээж буулгахыг анхааруулсан байна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар