\”Жудагт Монгол” хөдөлгөөний төлөөлөл Монгол Улсын сайд М.Энхсайханыг эх орноосоо урвах, хорлон саатуулах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүйг шалгуулахаар Тагнуулын Ерөнхий газарт хандсан талаараа мэдэгдлээ.
Тус холбооны Дээд зөвлөлийн гишүүн, Аюулгүй байдлын судлаач Б.Чулуунбат \”УИХ-ын даргын 2015 оны захирамжаар байгуулсан Ажлын хэсэг батлагдсан удирдамжийн дагуу Тавантолгойн ордыг ашиглах консорциумтай гэрээ хийхээр төлөвлөж байсан \”Хамтын ажиллагааны гэрээ”, \”Хөрөнгө оруулалтын гэрээ” болон Ухаа худаг-Гашуун сухайтын чиглэлд төмөр замын суурь бүтэц барих, ашиглах-шилжүүлэх концессийн гэрээ” бусад шаардлагатай асуудлыг нягтлан судалж 90 хуудас дүгнэлт гаргасан бөгөөд Ажлын хэсгийн арван гишүүний ес нь гарын үсэг зурж, баталгаажуулсан.
Ажлын хэсгийн дүгнэлтээс харахад гэрээнүүдийг бэлтгэсэн М.Энхсайхан тэргүүтэй хүмүүс хүчин төгөлдөр үйлчилж буй маш олон хууль тогтоомж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн удаа дараагийн зөвлөмж, тэмдэглэл, Засгийн газрын тогтоолуудыг зөрчсөн байх бөгөөд Эрүүгийн тусгай ангид заасан эх орноосоо урвах, хорлон саатуулах, төрийн нууц задруулах, албан тушаалаа хэтрүүлэх зэрэг олон гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэж байна” гэлээ. Мөн УИХ-ын Ажлын хэсгийн дүгнэлтэд \”Засгийн газрын ажлын хэсгийн холбогдох улс төрийн албан тушаалтан болон төрийн албан хаагчдад хуулийн дагуу хариуцлага тооцох шаардлагатай” гэж албан ёсоор тусгасан гэдгийг хэллээ.
Polit.mn