Нийслэлийн автозамын хөгжлийн газар (НАЗХГ), Нийслэлийн газрын алба, НМХГ-ын хамтарсан ажлын хэсэг нийслэлийн есөн дүүрэгт үерийн улмаас эвдэрсэн автозамын засварын ажилтай танилцав.
Энэ сарын 16-ны өдөр нийслэлд усархаг аадар бороо орсны улмаас үер бууж, зарим замын зорчих хэсэгт эвдрэл үүсч, шинээр барьж буй замын ажлууд зогсонги байдалд ороод байгаа билээ. Ажлын хэсэг уг асуудлыг нэн даруй шийдвэрлэх, иргэдийн ая тухтай аялах, зорчих боломжийг бүрдүүлэх зорилгоор ажиллаж байгаа аж.
Тухайлбал, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Чингүнжавын гудамжны 40 ам дөрвөлжин метр автозам эвдэрснийг засварлах ажил үргэлжилж буй юм байна. Мөн Монелийн уулзвараас Дарь эх хүртэлх Гадна тойруугийн гуравдугаар хэсгийн автозам дагуу үерийн ус зайлуулах жалганд зөвшөөрөлгүй буусан иргэн, аж ахуйн нэгжүүдэд нэн даруй нүүх албан шаардлага хүргүүлжээ.