УИХ –ын гишүүн Л. Оюун-Эрдэнэ болон УИХ- ын нэр бүхий 26 гишүүн төрийн албыг арилжаалсан гэгдэх 60 тэрбумын хэрэг, Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьсан асуудлуудаас эхлээд ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлагатай гэдэг байр сууриа илэрхийлсэн. Мөн улсын их баяр наадмын өмнө УИХ- ын даргад ээлжит бус чуулган зарлан хуралдуулах хүсэлтээ хүргүүлсэн.
Энэ сарын 17-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга М.Энхболдод ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай албан бичиг илгээсэн билээ. Уг албан бичигтээ: Улсын Их Хуралд уламжлан, бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болсон Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарыг сольж, орных нь хүнийг томилох саналаа хуулийн дагуу хүргүүлсэн боловч хууль зөрчин хаацайлсаар өнөөг хүрч байна.
Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарын ажиллах хугацаанд авлигатай тэмцэх үйл ажиллагаанд гарсан ахиц дэвшил, өмнө хүрсэн амжилт эрс буурч, үйл ажиллагаа нь жилээс жилд уруудан, энэ байгууллагад итгэх олон нийтийн итгэл үгүй болсныг иргэдийн эсэргүүцэл шүүмжлэлээс гадна олон улсын байгууллагын судалгаа дүгнэлт бүрэн харуулсан. Үүнтэй Улсын Их Хурлын гишүүд санал нэгдэж ээлжит бус чуулганаар тусгайлан хэлэлцэх санал гаргаж байгааг дэмжих нь зүйтэй юм.
Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу Улсын Их Хурлын гишүүдийн санал болгон шаардаж буй дээрх асуудлаар Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах хойшлуулшгүй шаардлага байна гэж үзэн өөрийн саналыг үүгээр хүргүүлсэн.
Харин УИХ-ын Л.Оюун-Эрдэнэ “Ээлжит бус чуулганаар хэлэлцэх тэргүүн эгнээний асуудал нь 60 тэрбумын хэрэг. Мөн авлига албан тушаалын томоохон асуудлууд авлигатай тэмцэх газарт очоод замхарч байгаа асуудалд тус газрын даргаас тайлбар сонсох нь хамгийн чухал. УИХ- ын 26 гишүүн болоод ерөнхийлөгч ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлагатай гэж үзсэн өнөөгийн нөхцөлд УИХ- ын дарга татгалзсан тохиолдолд үндсэн хуулийн цэцэд очно гэдгийг онцлон хэлж” байна.
…Харин олон нийтийн дунд дунд энэ асуудлаар их хурлын даргыг суудлаас нь буулгах гэж байна гэх яриа ч гарч байна. УИХ- ын 26 гишүүн болоод ерөнхийлөгч ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлага хэрэгжиж УИХ-ын ээлжит бус чуулган зарлагдах болов уу. Энэ улс төрийн ээдрээтэй асуудал ээлжит бус чуулганаар бүрэн шийдвэрлэгдэх үү?