Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, улсын хилээр хар тамхи мансууруулах төрлийн бодис оруулж худалдан борлуулдаг этгээдүүдийг илрүүлж, таслан зогсоох зорилгоор хяналт шалгалтын чиг үүрэг бүхий байгууллагуудтай хамтран шат дараалсан хяналт шалгалтын арга хэмжээнүүд хэрэгжүүлсээр байгаа билээ.
Энэ хүрээнд улсын хилээр хууль бусаар мансууруулах бодис тээвэрлэн нэвтрүүлж, бусдад зарж борлуулдаг хэд хэдэн бүлэг этгээдийг илрүүлэн баривчилсан бөгөөд улмаар холбогдох шалгалтыг хийж, хэргийг нь шүүхэд шилжүүлжээ.
Эдгээрийн дотроос хамгийн ноцтой нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Монгол Улсын иргэн С, А, Э, А нарын иргэд бүлэглэн БНХАУ-аас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хар тамхи, мансууруулах бодисыг бэлэг эрхтэндээ нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, бусдад зарж борлуулах зорилгоор тээвэрлэж явсныг илрүүлэн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан бөгөөд улмаар Монгол Улсын Эрүүгийн хуулийн 23-р зүйлд заасны дагуу мэргэжлийн их эмч, сувилагч нарыг оролцуулан улсын нэгдүгээр амаржих газрын хүлээн авах тасагт дотуур үзлэг хийн иргэн Г.Сарангэрэлийн бэлэг эрхтэн дотроос их хэмжээний “мөс” гэх мансууруулах бодисыг гарган авчээ.
Г Сарангэрэл нарт холбогдох хар тамхины хэргийн шүүх хурал маргааш буюу энэ сарын 20-ны өглөө 10:00 цагт Баянзүрх Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон ба түүнд Эрүүгийн хуулийн 20.7.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн ийнхүү шүүхэд шилжүүлжээ. Хэрвээ шүүхээс Г.Сарангэрэлийн гэмт буруутай нь тогтоовол түүнийг 2-8 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэх юм байна.