Улаанбаатар-Дархан хоорондын замын арчлалт засварыг тухай бүрт хийдэггүйгээс үүдэн осол аваар маш их гардаг.Тус замд жилдээ нэг удаа урсгал засвар хийж байгаа мэт харагддаг боловч гурван нүхний хоёрыг нь нөхсөн болоод нэгийг нь орхидог гэж иргэд шүүмжлэлтэй ханддаг. Сүүлийн өдрүүдэд орсон ширүүн аадар бороо, үерийн улмаас дээрх чиглэлийн замд маш их эвдрэл гэмтэл гарч аваар осол ихээр гарч байна. Тиймээс Улаанбаатар-Дархан чиглэлийн зам дээр залуучууд үзэл бодлоо илэрхийлэн уриа лоозон барин зогсож байна.
2017 онд Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг концессын гэрээгээр бетонон хучилттай дөрвөн эгнээ зам тавигдахаар яригдаж байсан боловч гэрээ нь цуцлагдсан юм.
Энэ жил улсын төсвөөс гаргасан 1,1 тэрбум, дээрээс нь төлбөр хураах цэгийн илүү гарсан орлого болох 600 сая төгрөг, нийт 1,7 тэрбум төгрөгөөр Дарханы замд урсгал засвар хийж буй. Тодруулбал Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд энэ жил урсгал засвар хийхэд 1,1 тэрбум төгрөг төсөвлөсөн. Эл мөнгөөр хэдий засвар хийсэн ч гэсэн эвдэрсэн замын хэмжээ маш их байгаа учраас иргэдийн бухимдал багасахгүй байсан юм. Тиймээс Зам тээврийн яамнаас Дархан чиглэлийн төлбөр хураах хоёр цэгийн давсан орлогоос тодорхой хөрөнгө гаргаж, Улаанбаатар-Дархан чиглэлийн замын эвдрэлтэй хэсгүүдэд урсгал засварын ажил хийх чиглэлийг Зам тээврийн сайд өгсөн. Тодруулбал тухайн чиглэлийн зам хариуцсан төлбөр хураадаг Баянчандмань АЗЗА, Дархан АЗЗА хоёр байгууллагын орлогоос 600 сая төгрөг гаргаж, аваар осол үүсэх нөхцөл бүрдчихсэн замын хэсгүүд дээр урсгал засвар дахин хийсэн.