Нийслэлийн Засаг даргын орлогчийн баталсан “Нийслэлийн Засаг даргаас тусгай зөвшөөрөл олгосон шүдний эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамж”-ийн дагуу зургадугаар сарын 21-нээс долдугаар сарын 17-ны хооронд БГД-т үйл ажиллагаа явуулж буй нийт 89 шүдний эмнэлгээс 45 эмнэлэгт хяналт шалгалт хийх хувиарийн дагуу холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран хяналт шалгалт хийсэн талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.
Шалгалтын явцад эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа нь дууссан, шалгалтанд ороод тэнцээгүй, улмаар эмчлэх эрхийн зөвшөөрөлгүйгээр эмчилгээ үйлчилгээ явуулж байсан 1 их эмчид холбогдох хуулийн заалтаар 300 мянган төгрөгийн шийтгэвэр ногдуулж, албан даалгавар хүргүүлж, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж ажилласан байна.
Мөн шалгалтын явцад хаяг байршилдаа байхгүй, үйл ажиллагаа явуулаагүй, хяналт шалгалтад хамрагдаагүй, үйл ажиллагаа нь хангалтгүй байсан нийт 10 эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг НЭМГ-т хүргүүлээд байгаа юм байна.