Авлига хээл хахууль авсан болон албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгагдаж байсан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хе-д улсын өмч шамшигдуулсан мөн намын үйл ажиллагаанд зүй бусаар нөлөөлсөн хэмээн тус улсын шүүхээс 8 жилийн ял нэмж оноожээ. Шүүхийн шийдвэрээр Ерөнхийлөгч асан Пак Гын Хе-д Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын агентлагын төсвөөс хөрөнгө мөнгө авсан хэрэгт нь 6 жилийн хорих ял оноосон бөгөөд мөн түүнд 3,3 тэрбум воны мөнгөн торгууль оногдуулах шийдвэр гаргажээ. Мөн түүнчлэн түүнийг төрийн тэргүүний албыг хашиж байхдаа сонгуулийн ажилд оролцон, хууль бусаар албан тушаалд томилход оролцсон хэмээн 2 жилийн ялыг нэмж оноосон байна.
Үүнээс өмнө нь энэ оны 4-р сард Сеул хотын төв шүүхээс Пак Гын Хе-д 24 жилийн хорих ял оноосон юм. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак-Гын Хе-д холбогдох авлига, хээл хахуулийн шуугиан 2016 оны 10-р сараас эхлэн дэгдсэн бөгөөд түүний дотны найз Цой Сун Силь өөрийн үүсгэн байгуулсан сангаараа дамжуулан тус улсын Самсунг зэрэг томоохон пүүс компаниуудаас авлига авч байсан гэх хэрэгт түүнийг холбоотой хэмээн үзэж буруутгасан юм. Ерөнхийлөгч асан Пак Гын Хе-ийн найз Цой Сун Силь гэгч нь төрийн тэргүүний дотоод ажилд хутгалдан оролцож, хууль бус сан байгуулан түүгээрээ дамжуулан дээрх томоохон пүүс компаниудаас ашиг хонжоо авч байсан нь илэрч баривчлагдсан билээ.