Казахстаны нэрт уран гулгагч Денис Тенийг хөнөөсөн байж болзошгүй хоёр дахь этгээд болох Арман Кудайбергеновийг өнөөдөр тус улсын хууль сахиулах байгууллагынхан баривчилжээ. Энэ талаар Алмата хотын Дотоод хэргийн газрын тэргүүн Серик Кудебаев мэдэгдсэн байна. Түүний хэлснээр баривчлагдсан этгээд Денис Тенийг хөнөөснөө хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүнийг хоёр удаа хутгалсан гэдгээ хүлээжээ. Баригдсан этгээдүүд хоёулаа ажил төрөл эрхэлдэг боловч мөнгөний хэрэгцээ гарсан учир бусдын автомашины толийг хулгайлхаар шийдсэн байна.
Тэд тухайн үед Денис Тенийг хөнөөснийхөө дараа хоёр тийшээгээ салж зугатаасан бөгөөд гэхдээ Олимпийн шагналт тамирчныг хөнөөснөө огтхон ч мэдээгүй байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар өдгөө баривчлагдаад буй Арман Кудайбергенов гэгч нь одоогоос хоёр сарын өмнө баривчлагдаж байсан этгээд ажээ. Үүнээс өмнө нэрт уран гулгагч Денис Тенийг хөнөөсөн эхний этгээд болох Казахстаны Жамбылск мужийн уугуул 1994 онд төрсөн, Нуралы Киясов, гэгчийг баривчилсан ба тэрээр өдгөө үйлдсэн гэмт хэргээ нарийвчлан мэдүүлж эхлээд байгаа юм байна.