Аварга том сар бүхий урлагийн бүтээл Австри улсад хүргэгдэх замдаа алга болжээ. Сарны гадаргуугийн зураг бүхий долоон метрийн бөмбөлөг хэлбэртэй уг урлагийн бүтээлийг Бристолоос гаралтай Льюк Жеррам урласан бөгөөд Австри дахь нэгэн фестивальд оролцохоор шуудангаар явуулах замд ийнхүү алга болсон аж.
Ноён Жеррам энэхүү бүтээлээ Сарны музей хэмээн нэрийдсэн байжээ. Харин шуудангийн “TNT” компанийн зүгээс уг асуудалд анхаарал хандуулан шалгаж байгаагаа мэдэгдсэн байна. Бүтээлийг зуны туршид Европ дахь олон арга хэмжээнд захиалагдсан байжээ.
“Бүтээл маань алга болсон нь түүнийг харахаар хүлээж байсан хүмүүст ихээхэн нөлөө үзүүлж байна. Хаа нэгтээ агуулахад байх боломжгүй гэж тэд үзэж байгаа. Бидэнд нөөц байхгүй шүү дээ. Харин шуудангийн компаниас шалгалт хийж, хурууны хээ зэрэг зүйлсийг сайтар нягтлах байх аа” хэмээн Льюк Жеррам өгүүлжээ. Тэрээр НАСА-гийн авсан зургийг ашиглан уг бүтээлээ туурвисан аж.
Б.Болормаа