Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ёлонда Фернандез Ломмен нар “Бүс нутгийн автозамыг хөгжүүлэх засвар арчлалтын төсөл”-ийн зээлийн хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурлаа.
Дээрх төслийн хүрээнд Монгол Улсыг БНХАУ болон ОХУ-тай холбосон авто замын нэн чухал коридорын хэсэг болох Улаанбаатар-Дархан, Дархан-Алтанбулаг чиглэлийн 311 км автозамд засвар шинэчлэлтийн ажил хийх юм. Үүнд АХБ-наас 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн төслийн зээлийн хэлэлцээрийг байгуулж байна. Гэрээний хүрээнд Улаанбаатар-Дархан чиглэлийн замд эвдрэл гэмтлээс гадна огцом эргэлт, өгсөлт уруудалт ихтэй, үзэгдэх орчин хангалтгүйгээс осол аваар их гардаг 9 цэгийг засахаас гадна өргөтгөх, нэмэлт эгнээ барих, үзэгдэх орчин замын тэмдэг тэмдэглэгээг сайжруулах ажлыг хийх юм.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Үүний өмнө Дархан руу концессын гэрээгээр шинээр зам барих гэрээ байгуулсан боловч гүйцэтгэгч компани нь санхүүжилтээ босгож чадахгүйн улмаас энэ ажлыг хийгээгүй гээд нэлээд хугацаа алдсан. Бид яаралтай АХБ-тай 60 сая долларын гэрээ байгууллаа. Энэ бол 150 тэрбум төгрөг. Нэлээд их хэмжээний мөнгө. Засах, өргөтгөх зэрэг ажлыг хийнэ.
Шинэ зам барих тухайд дөрвөн жилийн өмнө нэг компанитай Засгийн газар гэрээ байгуулсан. Тэр компанитай шүүх дээр маргаантай байгаа учир гэрээгээ цуцалж болохгүй байна. Асуудал шийдэх юм бол нэлээд урт зам барина. Харин одоо байгаа замаа өргөтгөж шинэтгэх шаардлагатай байна” гэв.