МХЕГ-ын БОГУУХГ-аас Төв, Сэлэнгэ, Архангай, Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газарт орчин үеийн өндөр хүчин чадал бүхий дрон, тусгай зориулалтын программын хамт хүлээлгэн өглөө. Эдгээр аймгуудад хууль бусаар ашигт малтмал олборлох зөрчил их байдаг бөгөөд уг дроныг ашигласнаар хууль бус үйл ажиллагааг хянах, баримтжуулах, авсан зургийг тусгай программд оруулан эвдэрсэн газрын талбайн хэмжээг тооцоход хялбар болж байгаа аж.
Зөвхөн хууль бус ашигт малтмал олборлолт гэхгүйгээр зохих зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд талбайгаа хэтрүүлсэн эсэхийг шалгах, хулгайн мод, ан зэрэг хууль бус үйлдлүүдтэй ч тэмцэхэд ашиглах боломжтой юм.
Эдгээр дроныг Швейцарийн хөгжлийн агентлагаас МХЕГ-т бичил болон хууль бус уул уурхайн хяналтын үйл ажиллагааг хянахад зориулан өгчээ.
Энэ дашрамд дуулгахад, уурхайн талбайн хилийг тогтоож, байнгын шав тэмдэг тавьсан акт үйлдээгүй зарим ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг хуульд нийцүүлэх үүднээс 2018 оны аравдугаар сарын 20-ны өдрийн дотор мэргэжлийн хяналтын албаны тавьсан техникийн шаардлагын дагуу эрх бүхий этгээдээр уурхайн талбайн хилийг тогтоолгож, байнгын шав тэмдэг тавьсан акт үйлдэж ирүүлсэн аж ахуй нэгжүүдийн шав тэмдэг хийлгүүлсэн актыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлж кадастрын мэдээллийн санд бүртгүүлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс анхааруулсан байна.
Дээр дурдсан хугацаанд уурхайн талбайн хилийг тогтоож, байнгын шав тэмдэг тавьсан акт үйлдэж ирүүлээгүй тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 35.1, 35.3.6-д заасны дагуу Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.1-д заасан нийтлэг үүргээ биелүүлээгүй гэж үзэн холбогдох арга хэмжээний саналыг МХЕГ-т хүргүүлэх болохыг мэдэгдлээ.