Олон нийтийн цахим хуудсуудад өнгөрөгч өдрөөс хойш олны анхаарлыг татаад байсан дөрвөн эвэртэй хонины талаарх мэдээллийг уншигч танаа дэлгэрүүлэн хүргэе. Зурагт байгаа энэхүү хуц Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын III багийн малчин Ц.Даваахүүгийнд байсан бөгөөд өдгөө тус хуцны төл гэх дөрвөн эвэртэй хонь байдаг ажээ.
Бид энэ талаар тодруулахаар малчин Ц.Даваахүүтэй холбогдох гэсэн боловч харилцаа холбоо муутай нутагт хаваржиж байгаа учраас чадсангүй. Харин үүнтэй холбоотой зарим мэдээллийг Рэнчинлхүмбэ сумын ЗДТГ-ын дарга О.Энхтүвшинээс авсан юм. Тэрбээр \”Рэнчинлхүмбэ сумын албан ёсны фэйсбүүк хуудсанд тавьсан зураг бол одоогоос 4-5 жилийн өмнө авсан зураг. Манай нутгийн хувьд дархад омгийн хоньтой. Энэ хуц тус үүлдрийнх. Ер нь хонь дөрвөн эвэртэй байна гэдэг ховор тохиолдол. Нутгийн ахмадууд хонь дөрвөн эвэртэй байх тохиолдлыг олон янзаар тайлбарладаг. Гэхдээ яг тодорхой тайлбарыг хэлж мэдэхгүй байна. Зурагт байгаа хуцны хувьд одоо байхгүй. Харин төл нь гэх дөрвөн эвэртэй хязаалан хонь байгаа. Гэхдээ бид зураг хөргийг нь дарж баталгаажуулж аваагүй байна. Ц.Даваахүү малчных цаг наашлаад нутагтаа ирэхээр мэдээллийг дэлгэрэнгүй өгье” гэлээ.
Олны дунд ярьж буйгаар дөрвөн эвэртэй мал сульдаа бөгөөд зөвхөн үзэмж төдий ажээ. Хамгийн ойрын жишээ дурдахад, өнгөрөгч оны хоёрдугаар сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт дөрвөн эвэртэй төлгөн хуц тэжээж байгаа талаар олон нийтийн цахим хуудсуудаар бичиж байв.
Эх сурвалж.MNB.mn