Өмнөговь аймгийн Засаг даргын долдугаар сарын 28-ны өдрийн А/848 дугаар захирамжаар Даланзадгад-Улаанбаатар, Даланзадгад-Баяндалай чиглэлийн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан. Харин өчигдөр буюу энэ сарын 29-ний өдрийн 08:30 цагт Даланзадгад-Улаанбаатар чиглэлийн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн ажиллагаанд орлоо.
Цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээг аймгийн Онцгой комисс, сум орон нутгийн удирдлагад нийт 54 удаа “Багц мессеж”-ээр хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон орон нутгийн 3 телевиз, umnugobi.nema.gov.mn сайт, Онцгой байдлын газрын фесбүүк хуудсаар 21 удаа иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэсэн байна. Даланзадгад-Баяндалай чиглэлийн 1.2 километр авто замыг сэргээн засварлах ажлыг “Дардан говь” ХХК тус өдрийн 13:00 цагаас засварын ажлыг эхлүүлж, том оврын автомашиныг зорчихыг түр хугацаагаар хязгаарлаад байна.