UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй V ээлжийн мотобуудлагын батальоны хурандаа Б.Баатар захирагчтай бүрэлдэхүүн энхийг сахиулах үндсэн үүргээсээ гадна орон нутагт иргэн-цэргийн харилцааг бэхжүүлсэн арга хэмжээ зохион байгуулсаар байна. Батальоны захирагчийн орлогч, дэд хурандаа Ж.Мөнхбаяраар ахлуулсан бүрэлдэхүүн энэ сарын /2016.03 сар/ 24-25-ны өдрүүдэд Лийр, Адок, Тонёор суурингийн иргэдэд урлагийн цогц арга хэмжээг зохион байгуулжээ. Тэд Монгол Улсын танилцуулга, үлээвэр найрал хөгжим, жагсаал, гардан тулааны үзүүлэх тоглолт, үндэсний бөхийн барилдааны үзүүлбэр зэрэг олон сонирхолтой урлагийн номеруудыг 10 мянга орчим иргэдэд толилуулснаас гадна эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээг 100 гаруй орон нутгийн иргэдэд үзүүлсэн байна. Лийр сууринд зохион байгуулагдсан арга хэмжээнд Мужийн даргийн орлогч Саймон Чуол Биеэл болон орон нутгийн бусад удирдлага, иргэд оролцсон байна. Тэрээр хэлсэн үгэндээ \”Монголын энхийг сахиулагчид манай сууринд ирж байрлан эргүүл хийж эхэлсэнээс хойш цагийн байдал харьцангуй тайван болсон бөгөөд энэ байдлыг та бүхэн бэлхэнээ харж байгаа байх. Иргэд маань одоо орон нутагтаа буцан ирж, мал аж ахуй, газар тариалангаа эрхлэх болсон. Хүмүүсийн амьдрал ахуй ч өдөр өдрөөр дээшилж байна. Энэ бол энхийг сахиулагчдын ач тус юм” хэмээн баярлаж буйгаа илэрхийлжээ. Дараагийн өдөр нь манай энхийг сахиулагчид Засгийн газрын эсрэг хүчний хяналтад байдаг Тонёор, Адок суурингийн иргэдэд арга хэмжээгээ толилуулсан байна. Адок сууринд байрлах бүсийн командлагч бригадын генерал Габриель Мавих \”Танай цэргийн алба хаагчдыг өнгөрсөн оны арванэгдүгээр сараас эхлэн мэдэх болсон. Тэр цагаас эхлэн бид хамтран ажиллаж өөрийн бүс нутагтаа энх тайван, аюулгүй байдлыг тогтоохийн төлөө хичээж, энэ хэрээр ч ахиц дэвшил гарсаар байна. Монголын энхийг сахиулагчид байх болсноор НҮБ болон бусад хүмүүнлэгийн байгууллагууд үйл ажиллагаагаа аюулгүй орчинд явуулж, иргэдэд тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэх болсон. 2-3 сарын өмнө энэ газар хүн бүр зэвсэгтэй, айдсаар дүүрэн явдаг байсан. Харин одоо бол зөвхөн цэргүүд зэвсэг эзэмшиж байна шүү дээ. Энэ бол энхийг сахиулагчдын гавьяа юм. Энэ үйл хэрэгт манай орон нутгийн иргэд туйлаас их баярлаж байна” гэжээ.
Эх сурвалж: Polit.mn