Иргэдийн шударга шүүх ТББ-ын дэргэд худалдаа эрхлэгчид нэгдэн Хувиараа худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо байгуулахаар болжээ. Энэ талаар тэд өнөөдөр мэдээлэл хийлээ.
Учир нь мөнгө хүүлэгчдээс болж худалдаа эрхлэгчид өрийн сүлжээнд орж дарамтлуулснаас гэртээ очиж чадахгүйд хүрч, зарим нь амиа алдаж байгааг тэд хэлсэн юм. Тэдний мэдээлж буйгаар 10 хүнд нэг сая төгрөг зээлсэн мөнгө хүүлэгч сард 20-30 сая болгон өсгөн авч, мөнгөө өгч чадахгүй хүмүүсийг зодож, бараа, гэр орных нь эд зүйлийг хүчээр булаадаг гэнэ.
\”Би Хархорин худалдааны төв дээр лангуу ажиллуулдаг. Худалдаа эрхлэгчид мөнгө хүүлэгчээс авсан зээлээ төлөхийн тулд 2-5 зээлдэгчтэй болж байна. Олон хүнд мөнгө төлж чадахгүй учраас сүүлдээ гэртээ харих талхны мөнгөгүй болж, гэр бүлээрээ зодуулж, дарамтлуулж байна. Мөнгө хүүлэгчдээс болж 2-3 хүн амиа алдсан. Хамгийн сүүлд Өлзийт хороонд нэг бүсгүй амиа алдсан. Зөвхөн Хархоринд гэхэд 30 гаруй мөнгө хүүлэгч байдаг” гэж Хувиараа худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооны гишүүн Г.Цэрэндулам хэллээ.
Худалдаачдын хувьд банкнаас зээл авах гэхээр барьцаа хөрөнгө байхгүйн дээр муу зээлдэгч гэсэн тодотголтой учраас мөнгө хүүлэгчдэд хандахаас өөр аргагүй байдаг аж.
Тиймээс мөнгө хүүлэх энэхүү бизнес Хархорин, Нарантуул, Бөмбөгөр, Яармаг, жижиг хүнсний дэлгүүр, үсчин гээд бүх жижиг дунд үйлдвэрлэл, худалдааны газруудад \”цэцэглэдэг” гэж тэд хэллээ.
Эх сурвалж: Bataar.mn