Гаалийнхны хэд хэдэн ноцтой асуудал илэрч, хуулийн байгууллагуудын чихэнд
хүрсэн бололтой юм. Тиймээс л энэ долоо хоногийн эхнээс хуулийнхан гаалийн
байгууллагад гэнэтийн шалгалт, нэгжлэгүүдийг хийж эхэллээ.
Тодруулбал, өчигдөр орой Замын-Үүдийн автозамын шалган нэвтрүүлэх боомтод АТГ-ын
20 гаруй албан хаагчид гэнэтийн шалгалт хийсэн тухай эх сурвалж мэдээлж байна. Тэд \”эндээс нэг ч хүн гарч болохгүй шүү” гэсэн
үүрэг даалгавар өгч, нэгжлэгийг эхлүүлжээ. Энэхүү ажиллагаа одоо ч үргэлжилж
байгаа аж.
АТГ-ын гэнэтийн шалгалтаас болоод боомтын үйл ажиллагаа түр хугацаагаар
зогсоод байгаа юм байна. Нэгжлэг шалгалтын явцад зарим байцаагчдаас их
хэмжээний бэлэн мөнгө гарч ирсэн тухай мэдээллийг эх сурвалж өглөө. АТГ-ын энэхүү ажиллагаа нь гэнэтийн шалгалт уу, урьдаас мэдээлэл авч, төлөвлөсөн ажил уу гэдэг нь удахгүй тодорхой болох байх.