Төрийн тахилгат Алтан дарь овооны тэнгэрийг тайх тахилгын ёслол долдугаар сарын 27, 28-нд болж өндөрлөсөн билээ.
Гэвч төрийн тахилга хэт нүсэр болж, олон мянган хүн, машины хөлд талхлагдсан халцгай тал өдгөө чимээгүй мэгшиж байна. Харамсалтай нь Төрийн тахилгын дараа идээ ундааны үлдэгдэл нь өтөн, үнэр орж, эсэн бусын хогонд дарагдсан Алтан овооны ганжир цаанаа л хийморьгүй гудайсан дүр зурагтай болжээ. Уул овооны тахилгын зан үйлийн утга учир, уламжлал, дэг жаягийн тухай олон нийтэд зөв ойлголт өгөхийн тулд “Алтан овооны тахилга” номоо ёслолын өмнөхөн нь хэвлүүлж, ард иргэдэд үнэгүй тараасан соёл судлаач Д.Индра энэ тухай халагласан байна.
Тэрээр Төрийн тахилын дараа ийм байдалтай болсонд харамсаж буй сэтгэгдэлээ илэрхийлэхдээ “Алтан овооны тахилгын дараах байдал!!! Байгаль эх дэлхийтэй харилцах зан үйл биш зүгээр л хэлбэр, мухар сүсэг болсон жишээ энэ шүү дээ! Судлаачдын бүтээлээ уншдаггүй өвгөдийн үгээ сонсдоггүй зүгээр л нэг хэлбэр төдий болгож байгаад үнэхээр харамсаж байна!!! Анхны номоо ийм л зүйлд санаа зовж гаргаж, ард иргэдэд үнэгүй тараасан. Дараа дараагийн жилүүдэд найр наадамдаа биш иргэдэд хэрхэн зөв тахилга хийх талаар мэдээ мэдээлэл өгөхдөө анхаарвал сайн юмсан” гэжээ.