Сүүлийн үед нийслэлийн суурьшмал бүсэд зэрлэг ан амьтад орж ирэх нь ихэссэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Энэ нь нийслэл хүрээгээ тэлэхийн хэрээр зэрлэг ан амьтадын амьдрах орчин хумигдаж байгаатай холбоотой гэх тайлбарыг байгаль орчныг хамгаалах байгууллагын мэргэжлийн хүмүүс өгч байв. Тэгвэл яг ийм асуудал энэ сарын 13-ны өдөр “Эмээлт зах”-ын ойролцоо гарч тус газарт буга гэмтсэн дуудлага ирсэн байна. Энэ талаар Нийслэлийн байгаль орчны газрын амьтан, ургамал хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмонбаатар өөрийн фейсбүүк хуудаснаа бичихдээ “Өнгөрсөн нэг дахь өдөр “Эмээлт зах”-ын ойролцоо буга хашлага давах гэж байгаад гэмтсэн дуудлага ирсэн. Тус буга нь Эмээлт өртөө орчимд зам хөндлөн гарахаар явж байхдаа сигналдаж орж ирсэн машинаас айн цочиж, замын хажуу руу үсрэхдээ огцом налуу руу унаж гэмтсэн байна. Мөн уг буга дунд чөмөг нь мултарсан байсныг малын эмчээс туслалцаа авч буцаж оруулсан юм. Одоо биеийн байдал нь сайн, асарч байна. Эмээлтийн тэр хавьд суурьшиж байна гэж байхгүй. Хустайн нуруу, Богд хаан уул юм уу, Партизаны хойд хэсэгт бугатай газар байдаг. Энэ амьтад маань гүйж, цусаа сэлбэх ёстой байдаг. Тиймээс гүйж яах үед нь замд нь нохой дайрсан байгаа юм” гэсэн байна.