Чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачлан өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Ерөнхийлөгчийн санаачилсан энэхүү хуулийн төсөлд Ерөнхий сайдаас гадна Гадаад хэргийн сайд, Хууль зүйн сайд, Сангийн сайдыг УИХ-аас томилж болохоор, харин бусад сайдыг гаднаас томилохоор заасан. Хэрэв хуулийг баталвал 2016 оны УИХ-ын сонгуулийн дүнд байгуулагдах Засгийн газраас эхлэн мөрдөх юм.
Хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн. Тухайлбал, Д.Тэрбишдагва гишүүн парламентын засаглалтай улс оронд их хурлын гишүүн нь сайд байж болдог. Би давхар дээлгүй учраас үүнийг хэлж байдаг. Давхар дээлтэй гишүүд үүнийг хэлэхэд хэцүү байх. Давхар дээлтэй хэрнээ салбараа удирдаад явах чадвартай сайд нар их байсан. Харин дан дээлтэй сайд нар бол \”шагналын” сайд л болж байна. Үндсэн хуулийн дагуу хэдэн ч сайдаа УИХ-аас томилж болно. Гэтэл яагаад заавал дөрвөн сайдыг их хурлаас томилоод бусдыг нь гаднаас томилохоор заасан байгаа нь сонин байна гэсэн юм.
Харин Лу.Болд гишүүн Засгийн газрын гишүүдийг наймааны хэлбэрээр томилдог. Үүнийг дагаад Засгийн газрын гишүүн задгай мөнгөний үнэтэй л болж байна. Өргөн барьсан хуулийн зохицуулалтаар энэ асуудлыг шийдэж чадаж байвал сайн байна гэлээ.
Хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Эх сурвалж: mnb.mn