Засгийн газрын өнөөдрийн хуралдааны үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг багш нарын цалингийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээллийн эхэнд “Төрийн албан хаагчдын цалинг шинэчлэн тогтоох асуудлаар Засгийн газар шийдвэр гаргалаа. Ингэхдээ эрүүл мэнд, боловсролын салбарт хийгдсэн ажлын байрны үнэлгээнд үндэслэн, албан тушаалын ангилал зэрэглэлийг ахиулах шийдвэр гаргалаа. Мөн соёл урлагийн салбарт ажиллаж буй хүмүүсийн цалингийн шатлалыг төрийн албаны цалинтай дүйцүүлэх шийдвэр гаргалаа. Гэхдээ прокурор, хуулийн байгууллагын цалинг нэмэгдүүлэхгүй юм.
Багш, эмч нар, түүнээс доогуурх цалинтай төрийн албан хаагчдын цалинг 2018.09.01-нээс 8 хувиар нэмэхээр боллоо. Судалгаагаар сувилагч бага ангийн багш нарын ачаалал хамгийн их байгаа нь тогтоогдсон. Ингэснээр сувилагч нарын цалин 29-30 хувь, бага ангийн болоод цэцэрлэгийн багш нарынх 12.5 хувиар өсөхөөр болж байна. Соёл урлагийн салбарын ажилтнуудын цалин 14-30 хувь нэмэгдэнэ. Мөн нойрсуулах сувилагч, эрчим эмчилгээний сувилагчдын цалин бусдаасаа нэг шатлалаар хаана гэдгийг хэлье”гэв.