УДЭТ, “Хувьсал” продакшн зэргээр овоглож явсан жүжигчин Г.Отгонцэцэгийг бид “Аюултай харилцаа”, “Үл таних эмэгтэй”, “Орхидос” зэрэг киногоор нь сайн мэднэ. Хатуу сэтгэлтэй хойд ээж, халуухан нууц амраг, яахаас ч буцахгүй эмэгтэйн дүрээр тайз, дэлгэцийн бүтээлүүдэд дүрээ мөнхөлсөн түүний араас гүйх залуус олон гэлцдэг. Бүтээсэн дүрүүдээрээ үзэгчдийн сонирхлыг татаж, зарим нэгнийх нь дургүйцлийг ч төрүүлдэг энэ бүсгүй сүүлийн үед таг чиг болсон. АНУ-ыг зорьж, ээж болсон гэдгээс нь өөр мэдээлэл гаралгүй уджээ.
Тэгвэл Г.Отгонцэцэг өдгөө Америкийн Миссури мужийн их сургуульд урлагийн чиглэлээр суралцаж байгаа аж. Тэрээр мэргэжил боловсролоо дээшлүүлэхийн хажуугаар эх хүний аз жаргалаа эдлэн явна.
Г.Отгонцэцэг энэ жил нэгэн тэсрэлттэй уран бүтээлд гол дүр бүтээжээ. Найруулагч Ц.Хүсэлбаатарын бүтээсэн уг кино тун удахгүй энэ сард багтаж нээлтээ хийх гэнэ. Жүжигчин Г.Отгонцэцэг, найруулагч Ц.Хүсэлбаатар нар “Аюултай харилцаа” кинон дээр мөн хамтран ажилласан билээ. Гэр бүлийн үнэ цэнэ, хосуудын нандин харилцаанд сэв сууж болохгүйг харуулсан уг кинонд бүтээсэн Г.Отгонцэцэгийн дүр олон хүнд сургамж болсон биз ээ. Тэгвэл дүр болгоноо үзэгчдийн сэтгэлд шингээж чаддаг жүжигчин бүсгүй энэ удаад ямар дүрээр уулзах бол гэсэн хүлээлт хэдийнэ үүсээд эхэллээ.