“Мөрөөдлийн театр”-ын захирал Г.Эрхэмбаярыг машинаасаа буугаад гудамжинд шээж байна гэсэн тайлбартай зураг өчигдөр цахим сүлжээнд тарж шүүмжлэлийн бай болж буй гэхэд болно. Тэрбээр энэ зургийн талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийсэн юм. Тодруулбал, “Манай хамтлагийнхан “Дундын бүсгүй” драмын тоглолтоо тавих гээд бэлтгэл ажил ихтэй завгүй ажиллаж байгаа энэ үед миний талаар саар мэдээлэл гарсанд харамсалтай байна. Сайны хажуугаар саар гэгчээр намайг гудамжинд шээгээд зогсч байна гэсэн энэ зургийг олон нийтийн сүлжээнд тараасан байна.
Ийм үйл явдал хоёр дахь удаагаа болж байна. Өнгөрсөн онд энэ зураг бас тараагдаж байсан. Тухайн үедээ газар аваагүй намжсан. Гэтэл энэ жил яг тоглолт нээхтэй зэрэгцээд өчигдөр ийм зураг тараагдлаа. Тайлбар хийх нь зөв байх. Ганц намайг гүтгэж доромжилж байгаа биш, урлагийнхныг үндэслэлгүйгээр гүтгэж доромжилж шар сайтдаа лайк цуглуулж, мөнгө олдог нөхдүүдтэй хатуу тэмцэнэ. Тийм учраас даваа гарагт Цагдаагийн ерөнхий газрын Цахим гэмт хэрэгтэй хэлтэст өргөдөл бичиж, анх энэ зургийг тавьсан сайтад болон тэр шээж байгаа нөхрийг ч олж хариуцлага тооцуулъя гэж бодож байна. Намайг гүтгэж доромжилж байгаа хүмүүст хандаж хэлэхэд энэ зураг би биш шүү” гэлээ.