ОХУ-ын Новосибирск хотын дарга А.Е.Локоть болон ИТХ-ын дарга Д.В.Асанцев тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод энэ сарын 18-наас 22-ны өдрүүдэд албан айлчлал хийж байна. Айчлалын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Новосибирк хотын дарга А.Е.Локотийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа, нийслэлийн Орон сууцны корпорацийн захирал Б.Тэлмэн, нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл нар оролцов.
Уулзалтаар хоёр хотын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл \”Улаанбаатар хотод тавтай морилж байна уу. Тантай дахин уулзаж байгаадаа баяртай байна. 2015 оны 10 сард Новосибирск хотод айлчилж, ах дүү хотууд болох санамж бичиг байгуулсан. Айлчлалын үр дүнд хоёр хотын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, олон салбарт хамтран ажиллахаар тохиролцсон юм. Нийслэлийн бүтээн байгуулалтын ажилд Новосибирскийн барилгачид маш их үүрэг гүйцэтгэсэн. Тийч учраас Улаанбаатар хотын хуучин барилга байгууламжийн засвар шинэчлэлийн ажилд хамтран ажиллахаар болсон. Энэхүү ажилд Та бүхний туршлага, зохион байгуулалт маш хэрэгтэй байна. Биднийг бүх талаар дэмжиж, уг ажлыг хамтран хэрэгжүүлэх гэж байгаад талархаж байна” гэв.
Харин Новосибирск хотын дарга А.Е.Локоть \”Биднийг найрсагаар хүлээн авч уулзаж байгаад таатай байна. Хоёр хот ах дүү хотууд болж, бидний харилцаа улам өргөжин хөгжиж байгаад баяртай байна. Бид Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажилд бүх талаар хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэх болно. Улаанбаатар хотын угсармал барилгыг иж бүрнээр шинэчлэх ажлыг гардан хийх гэж байна. Бидний зүгээс эдгээр барилгыг шинэчлэхэд хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатай талаар судалгаа гаргаж, мэргэжилтнүүдээ бэлтгэх ажилд орох гэж байна. Хөрөнгөө шийдчихвэл удахгүй ажилдаа орох юм. Мөн зам засвар, барилга, хөдөө аж ахуйн салбар, орон сууц, нийтийн аж ахуйг хөгжүүлэх тал дээр хамтран ажиллана” гэдгээ илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.