Манай улсын анагаахын эрдэмтэд Харвардын их сургуультай хамтарч судалгаа хийгээд, Монголчуудын \”Д” аминдэмийн дутагдлыг арилгачихвал нас баралтын гол шалтгаан нөхцөл болж байгаа 10 өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж байгааг тогтоожээ. Д аминдэмээ бид нэмэлт эм тариа, нарны тусгалаас илүүтэй уламжлалт хоол хүнснээсээ авч болохыг ч тэд санал болгож байгаа юм.
Д аминдэм хүний биед дутагдсанаар дархлаа мууддаг. Үүнээс үүдээд наад зах нь ханиад томуу, цаашлаад үхэлд хүргэж болох өвчнүүд ч тусдаг байна. Далайн улс орнууд Д аминдэмийг загасны тос, үрнээс нөхдөг бол АНУ сүү, талхаа Д аминдэмээр баяжуулдаг. Харин бид Д аминдэмээ өндөр үнэтэй бүтээгдэхүүнээс авахаас илүүтэй хоол хүнс, тэр дундаа малын таван цулаас авах боломж бийг эрдэмтэд сануулж байна.
Д аминдэмийн дутагдалд хүүхдүүд хамгийн их өртдөг. Сүүлийн жилүүдэд вирусын гаралтай ханиад томуу ихсэж, хүүхдийн өвчлөл нэмэгдэж байгаагийн нэг том шалтгаан ч энэ гэж үзэж байгаа юм. Тиймээс хүүхдүүдийн Д аминдэмийн хэрэглээг нэмэхийн тулд Монгол, Америкийн судалгааны багийнхан \”Үдийн цай\” хөтөлбөрөөс эхлэх хэрэгтэй гэж үзсэн байна. Д аминдэмийн дутагдлаас сэргийлэх, тунг нэмэгдүүлэх зөвлөмжийг Ерөнхий боловсролын сургуулиудад хандан гаргасан ч огт хэрэгжээгүй байгаа юм. Энэ зөвлөмжид малын элгээр хоол бэлтгэж хүүхдүүдэд өгч байх тухай дурдсан байдаг юм байна.
Нарны тусах өнцөг, улирлын нөхцөл байдлаас хамааран дэлхий дээр амьдарч байгаа хүмүүс Д аминдэмийг ижил хэмжээнд авч чаддаггүй. Бид Д аминдэмийг нөхөхийн тулд өндөр өртөг зардал гаргах шаардлагагүйгээр малынхаа дотор эрхтэнийг л хоол хүнсэндээ зөв хэрэглээд сурчих хэрэгтэйг анагаахын эрдэмтэд хэлж байна.