Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Азийн эмч нарын холбооны тэргүүн, доктор, профессор Шигэрү Суганамиг өчигдөр хүлээн авч уулзсан юм.
-Монгол, Япон хоёр улсын хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай хөгжиж байгаа бөгөөд бид Япон Улсыг өөрийн гуравдагч хөрш, итгэлт түнш гэж үздэг. Таны тэргүүлдэг Азийн эмч нарын холбоо Монголд 10 гаруй жил үйл ажиллагаа явуулахдаа хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлж, хүүхдийн нүдийг хамгаалах, үзлэг оношлогоо хийх, монгол эмч нарыг дагалдуулан сургах, мэргэжлийг нь дээшлүүлэх зэргээр олон талт үйл ажиллагаа явуулж байдагт талархал илэрхийлье гэж УИХ-ын дарга үгийнхээ эхэнд тэмдэглэлээ.
Түүнчлэн монгол эмч нарыг нарийн мэргэжлээр мэргэшүүлэх, орчин үеийн шилдэг техник, технологи эзэмшүүлэх, Японы анагаах ухааны салбар, эмч нарын тэргүүлэх туршлагаас суралцах боломж олгоход цаашид анхаарахыг хүссэн юм.
Ноён Шигэрү Суганами хүлээн авч уулзаж буйд нь УИХ-ын даргад талархал илэрхийлээд, манай холбоо монгол хүүхдийн нүдний харааг үзэж шалгах, харааны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх чиглэлээр 8 жил үйл ажиллагаа явуулж байна. Өргөн уудам газар нутагтай, алсын бараа сайтай Монгол оронд нүдний өвчлөл бага байгаа гэж бид бодсон ч эсрэгээрээ байсан. Нүдний өвчлөл, хараа муудалтыг аль болох эрт, бага насанд нь илрүүлбэл эмчлэн эдгэрүүлэх боломжтой. Тиймээс бид монгол хүүхдэд нүдний оношлогоо, үзлэг тогтмол хийх, эмч нарыг давтан сургахад гол ажлаа чиглүүлдэг гээд “Хүүхдүүдийг нүдний эмчийн үзлэгт байнга оруулж байх хөрөнгийг улсын төсөвтөө суулгаж өгөх талаар дэмжлэг үзүүлэхийг Танаас хүсэж байна” гэв.
УИХ-ын дарга М.Энхболд эрүүл мэндийн төсөвт дээрх чиглэлээр хөрөнгө тусгах асуудалд анхаарал хандуулна гэдгээ илэрхийлсэн юм.