Дэлхийн Монголчуудын Глобал Нийгэмлэгийнхэн улаанбурхан өвчнөөр өвдсөн хүүхдүүдэд итгэлийн гараа сунгалаа. Тэд өчигдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд очиж, Улаанбурхан өвчин туссан нярай хүүхдүүдэд хэрэгцээтэй байгаа хоёр ширхэг аппарат мөн шаардлагатай байгаа амин дэмүүдийг эмнэлгийн удирдлагууд, эцэг эхүүдэд хүлээлгэн өгсөн юм. Өнөөдөр улаанбурхан өвчнөөр өвдсөн бяцхан нярай нарт энэхүү өвчнийг анагаахад дархлааг нь дэмжих амин дэм маш чухал гэж байсныг ийнхүү хүлээлгэн өгсөн юм.
Түүнчлэн хүүхдүүдээ сахиж байгаа эцэг эхүүдэд нь зориулж хүүхдийн живх, утлага гэх мэт хэрэгцээт олон зүйлсийг Дэлхийн Монголчуудын Глобал Нийгэмлэг бусад хүмүүстэй хамтран хандивын аяныхаа хүрээнд хандивлалаа. Мөн цаашид тус нийгэмлэгээс хүмүүсийг улаанбурхны эсрэг хандивын үйл ажиллагаанд уриалан үйл ажиллагаагаа идэвхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Дэлхийн Монголчуудын Глобал Нийгэмлэгээс зохион байгуулсан \”Монгол Туургатан Мисс” тэмцээний тэргүүн Мисс Арюна Жаргаловна Бубеева тус эмнэлэг дээр очсон юм. Тэрээр миссийн тэмцээний үеэр зохион байгуулж байсан \”Сүүн дусал” аяны үргэлжлэл болсон энэхүү хүмүүнлэгийн үйл ажиллагаанд ийнхүү идэвхтэй гар бие оролцсон юм.