УИХ-ын 2012 оны сонгуулиар Монголчууд гурван ч бие даагчид итгэл хүлээлгэж,
саналаа өгсөн. Намын бодлого шийдвэрт баригдалгүй, иргэд сонгогчдынхоо төлөө
ажиллах болов уу л гэж тэр шүү дээ. Гэтэл Дарханчуудын итгэлийг хүлээсэн С.Ганбаатар
ирэх сонгуулиар жагсаалтад багтахаар ХҮН-д элсч, намын даргаар ажиллах боллоо. Харин
үлдсэн хоёр нь буюу Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар төрхөмдөө буцаж, \”бүр
давраад” МАН-ын бага хурлын гишүүнээр сонгогдчихлоо. Тэд ч яахав ирэх
сонгуулиар дахин сонгогдохоор өөр өөрсдийн замыг сонгожээ. Тохироог ч өөрсөддөө
ашигтайгаар хийцгээсэн биз.
Гэвч энд \”тэдэнд итгэл хүлээлгэж, намуудын буруу шийдвэрийг эсэргүүцэж,
саналаа өгсөн” олон мянган сонгогчийн итгэл үнэмлэх, эрх ашиг ор тас хаягдаж
орхилоо. Уг нь бие дааж нэр дэвшихдээ
арай л өөр зүйл ярьж байсан санагдах юм. Гэтэл \”нохой хамартаа хүрэхээр усч”
гэгчээр гурван жил хөөрцөглөж яваад сонгууль дөхмөгц \”муулж байсан” намдаа
шургалаад, шургалаад орчих юм.
Ингэхдээ үүнийгээ тун эвтэйхэнээр олон нийтийн нэрийн өмнөөс тайлбарлачих
жишээтэй. Тухайлбал, \”Сонгогчдоос санал
асуулга авсан. Тэдний 70 гаруй хувь нь бие даагчид шийдвэр гаргах түвшинд хүрч,
ажиллаж чадахгүй байна гэж үзсэн учраас намд элсч байна” гэж тайлбарлажээ.
Ийм энгийн зүйлийг мэдэхгүйгээр Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар
нар бие даажээ. Утгагүй юм. Мэдээж шийдвэр гаргах түвшинд хүрч ажиллахгүй нь
ойлгомжтой. Гэхдээ мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд нэг их саад бэрхшээл байхгүй
л болов уу. Эсвэл үнэхээр хэцүү байдаг
юм бол бие даах хэрэггүй байж.
Эндээс дахин бие дааж байгаа хүнд итгэл үзүүлмээргүй юм байна гэх ганц
бодол зурс хийх боллоо. Тэд бие дааж бидний итгэлийг хүлээчихээд, дараа нь
мөрийн хөтөлбөрөө биелүүлэх гэтэл шийдвэр гаргах түвшинд ажиллаж чадсангүй гээд
л муриад байвал онцгүй. Тэгэхээр итгэл үнэмшлээсээ гэнэт урваж, мурьж, шарваад
байхгүй намын гишүүнчлэлтэй хүн л д саналаа өгч баймаар юм байна.