Үерийн уснаас үүдэж нийслэлийн зарим гэр хороололын гудамж талбайн зам эвдэрч сүйдэн, борооны ус тогтож, машин тэрэг, хүн явахад хүндрэлтэй болсонтой холбогдуулан Сүхбаатар дүүргийн 15, 16-р хорооны иргэд, оршин суугчдын зүгээс Дамбадаржаа орчимд үүссэн дээрх нөхцөл байдлыг яаралтай засч өгөөч гэсэн хүсэлтийг өөрийн тойргоос сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч Г.Төмөрбаатарт уламжилжээ.
Иргэд оршин суугчдын хүсэлтийн дагуу өчигдөр /2018.09.12/ НИТХ-ын төлөөлөгч Г.Төмөрбаатар газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцан, иргэдийн санал хүсэлтийг сонсож СБД-ийн 15,16-р хорооны 58-р сургуулийн зүүн тал, 36-р цэцэрлэгийн урд талыг тохижуулах, хэвийн байдалд нь оруулах, 20, 81,82 -р гудамжны шороон замыг сайжруулах, хусч тэгшлэх зэрэг ажлыг эхлүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг 2018 оны нийслэлийн төсвийн тодотгол, Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэн шийдвэрлэж, яаралтай хэрэгжүүлж өгөх хүсэлтийг НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга С.Батболд нарт хүргүүлсэн гэдгийг хэлсэн юм.
Сүхбаатар дүүргийн 16, 17-р хорооны иргэдийн зүгээс НИТХ-ын төлөөлөгч Г.Төмөрбаатарт хандан “Олон хоног дараалан орсон борооны улмаас гэр хорооллын гудамжуудад шалбааг тогтон, зам маш их эвдэрч, хальтиргаа гулгаа үүсч, машинууд эвдэрч, иргэд гэмтэж бэртэж байна. Нийслэлээс 80 сая төгрөгөөр “Жишиг гудамж” гэж хэсэг газар тохижуулахынхаа оронд 800 мянган төгрөгөөр хэд хэдэн газар шороо асгаад өгвөл бид өөрсдөө тараагаад гудамжныхаа замыг тэгшлэж болох байсан” гэж хэлж байлаа.
Мөн 2019 онд хийгдэх хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, арга хэмжээг төлөвлөх, ажил үйлчилгээг сайжруулахдаа иргэдийн саналыг авч, гэр хорооллын гудамжуудын замыг засах, гэрэлтүүлэг тавих, худаг барих, автобусны буудлын тоог нэмэх гэх зэрэг асуудлыг шат дараатай холбогдох газруудад уламжлан шийдвэрлэж өгөх хүсэлтийг НИТХ-ын төлөөлөгч Г.Төмөрбаатарт хүргэлээ.