АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалт долдугаар сарын 14-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Дээд түвшний уулзалтыг угтан замын хөдөлгөөн болон хамгаалалтыг авах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхэлсэн байна. Энэ үеэр ирэх зочид, төлөөлөгчид нь А зэрэглэлд буюу төрийн тусгай хамгаалалтад авна. Зочдын аюулгүй байдлыг хангаж ажиллахаар ЦЕГ, ЗЦГ-тай ТЕГ-ын дэргэдэх Төрийн тусгай хамгаалалтын газар хамтарч ажиллах юм байна. Эдгээр газрууд хамтран замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах, аль бүсээр хамгаалалтын ажлыг явуулахыг нарийвчлан гаргахаар ажиллаж буй аж.
ЦЕГ, ЗЦГ-аас одоогийн байдлаар хамгаалалтын бүсэд Шангри-Ла зочид буудал, Төрийн ордон, Чингис Хаан Олон Улсын нисэх буудал багтсан тухай мэдэгдлээ. Шангри-Ла, Чингис, Пума зэрэг нийт 40 гаруй зочид буудалд зочид байрлах юм байна. Төлөөлөгчид байрласан зочид буудлыг цагдаа, төрийн тусгайгийнхан хамгаална. Мөн дээрх хамгаалалтын бүсэд хэд хэдэн орон сууц багтжээ. Иймээс хурал эхэлж, зочид ирсэн энэ үед хамгаалах бүсэд багтсан гэр рүүгээ иргэд хэрхэн орж, гарах вэ гэдгийг зохицуулахаар тухайн айл өрхүүдийг бүртгэж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл урьдчилан бүртгүүлээгүй иргэд зочид ирсэн үед хамгаалалтын бүс буюу төлөөлөгчид байрласан зочид буудал, зэрэгцээ орших орон сууц руу нэвтрэх боломжгүй болох юм. Хэрэв уулзалт эхлээд хамгаалалт гарсан үед хамгаалалтын бүсэд орших иргэний бие өвдөж, объектод гэнэтийн гал гарвал тусламжийн галын машин, түргэний тэргийг асуудалгүй оруулахаар зохицуулжээ.
НЗДТГ-аас замын хөдөлгөөнийг хаах, дугаарын хязгаарлалттай холбоотой тогтоол гарах магадлалтай байна. Долдугаар сарын 14-16-ны өдрүүдэд тодорхой хэсэгт замын хөдөлгөөнийг хаахаас гадна дугаарын хязгаарлалт хийхээр одоогий байдлаар төлөвлөсөн байгаа. Гэхдээ энэ үеэр Улаанбаатар хотын бүх замын хөдөлгөөнийг хаахгүй гэж цагдаа нар тайлбарлав. Харин долдугаар сард болох дээд хэмжээний уулзалтыг угтсан хурлуудын үеэр цаг тухайд нь замын хөдөлгөөнийг хязгаарлаж, дугаарын хязгаарлалт хийх юм байна.
АСЕМ-ын уулзалтын үеэр хамгаалалт хийх газруудаас гадна бусад бүсжилт дээр ЗЦГ, ЦЕГ-ын ажилтнуудыг дайчлан ажиллуулах, яаралтай дуудлагад бэлэн байлгах талаар чиглэл өгч ажиллах аж. Мөн хуулийн хүрээнд зочид байрлах буудлыг тойрсон өндөр барилга, аж ахуйн нэгжийг хурал болох өдрүүдэд цонхоо онгойлгохгүй байх мэдэгдлийг ЦЕГ-аас хүргүүлээд байгаа. Энэ нь зочдын аюулгүй байдлын хангах хүрээнд хийгдсэн ажил гэнэ. Аж, ахуйн нэгжүүд заавал дээрх цагдаагийн мэдэгдэлд орчин тойрноо аюулгүй болгосон эсэхээ хариу өгч мэдэгдэх үүрэгтэй юм байна.